Татвар нэмбэл түгжрэл буурах уу?

ТОЙМ
uranatuya@gmail.com
2022-03-03 23:48:24

Улаанбаатар хотын автозамын түгжрэл, ачаалал хэрээс хэтэрч байгаа тухай яриа улиг болоод удсан. Шийдэл гарцыг олон жилийн турш тал талаас нь хайсаар өдий хүрсэн ч дорвитой үр дүнд хүрсэнгүй. Иргэд олон нийт ая тухтай, найдвартай, хүлээлт чирэгдэл учруулдаггүй нийтийн тээврийг эртнээс хүсч хүлээсээр, шаардсаар байсан. Харамсалтай нь хүлээлт талаар болж, хүн бүр хувьдаа автомашинтай байх нь гарцаагүй илүү дээр сонголт гэж үзэх болов. Үр дүнд нь хотын зам дээрх автомашин багталцахгүй болтлоо нэмэгдэв.

Нийслэлийн хүн ам жилдээ 80 мянгаар нэмэгдэж, төдий тооны автомашин зам дээр нэмэгдэн гарч байна. Яг өнөөдрийн байдлаар зөвхөн нийслэлд бүртгэлтэй 650 мянган тээврийн хэрэгсэл байна. Сүүлийн 10 жилд нийслэлийн автозамын сүлжээ ердөө 20 хүрэхгүй хувиар нэмэгдсэн бол тээврийн хэрэгслийн тоо 3 дахин өссөн. Энэ хугацаанд 11.8 их наяд төгрөгийн хохирол амссан, харин ирэх 5 жилийн дотор 24.3 их наяд төгрөгийн алдагдал хүлээнэ гэсэн тооцоо гарсан. Мөдхөн автомашины зам дээрх хурд явган хүнийхтэй ижил хэмжээнд хүрэх гэж байгаа энэ үед оновчтой арга хэмжээг ойрын үед авч хэрэгжүүлэх тун чухал байгаа юм.


Түгжрэлд тээврийн хэрэгсэл жолоодож буй хүн бүр хамаатай, түгжрэлд тээврийн хэрэгсэл жолоодогч иргэн бүр нөлөөлж байгаа гэдэг утгаар нийслэлийн нутаг дэвсгэрт явж байгаа автомашины татвар хураамжийг нэмэгдүүлнэ, улсын дугаар олгохдоо зарим зохицуулалт хийнэ гэж байгаа. Мөн импортоор орж ирж байгаа насжилт өндөртэй, он хуучин, буруу хүрдтэй зэрэг тээврийн хэрэгслүүдэд импортын хязгаарлалт тогтоох тухай ч асуудал ярьж байна. Хэрэв татвар хураамжийг нэмэгдүүлэхэд хүрвэл тансаг зэрэглэлийн автомашин болон амьжиргаагаа залгуулах төдийд ашигладаг унаа тэрэгт тус бүрт нь тохирсон татварын зохицуулалт хэрэгтэй.  

Төлөвлөлтгүй дэд бүтцийн асуудлыг нэгмөсөн, түргэн хугацаанд өөрчлөх боломж нөхцөл үгүй. Жолооч машинтайгаа хотын төврүү өндөр төлбөр төлж орж орж байх, автомашины импортын хязгаарлалт, зогсоолын асуудлыг шийдсэнээр түгжрэл эрс буурах судалгаа тооцоолол гарсан гэсэн мэдээллийг албаныхан өгч байна. Түүнчлэн хөдөө орон нутгийн тээврийн хэрэгслүүд хот руу орохдоо тогтоосон татвар хураамжийг төлнө. Үгүй бол хот руу орох боломжгүй байх гэх мэт зохицуулалт, шийдвэрийн төслүүдийг боловсруулж байгаа аж. Гэхдээ энэ бүх зохицуулалтын төсөл Нийслэлийн ИТХ, Засгийн Газрын хуралдаан, УИХ-аар дамжиж байж эцэслэн шийдэгдэнэ.

Хэдийгээр эдгээр зохицуулалтыг нийтийн эрх ашгийн төлөө хийхийг зорьж буй ч нийтийн эрх ашигт энэ бүхэн нийцэх эсэх эргэлзээтэй. Иргэдийн зүгээс татвар, торгууль, автомашины хүрдний буруу зөвөөр ялгасан хатуу чанга арга хэмжээ авна дарамт үүсгэхээс илүүтэй зам, дэд бүтэц, нийтийн тээвэрээ сайжруулж хөгжүүлэх гарц гаргалгаа ярих хэрэгтэй гэсэн байр суурийг илэрхийлж байгаа.


Хамгийн ойрын үед шийдэх, хамгийн ихээр олон нийтийн эрх ашигт нийцэх оновчтой шийдэл бол нийтийн тээврийг хангалттай хэмжээнд сайжруулж хөгжүүлэх явдал. Хэрэв түгжрэлийг нийтийн тээврээрээ дамжуулан хөнгөлье гэвэл төр өөр дээрээ энэ салбарын ачааг авч хариуцлагжуулах нь зүйтэй алхам гэж үзэх нь ч бий. Одоо жилдээ 160 орчим тэрбумын татаас авдаг болоод байгаа энэ салбарт тусгай картаар зорчуулдаг болсноос өөрөөр шинэчлэгдсэн зүйл байхгүй гэж хэлж болно. Олон улсын жишигт төр нь нийтийн тээврийнхээ салбарын ачааг үүрч, алдагдал хүлээсэн ч авч явах ёстой гол үүргээ хүлээж байдаг байна. Ингэснээрээ эдийн засгийн болоод бусад олон талын хохиролыг тойрч гарч байдаг. Манайд харин өөрийнхөө ашиг орлогыг л илүүд үзсэн хувийн хэвшлийнхэн энэ салбарт үйлчилж байдаг. Буруутгах ч аргагүй. Хувийн хэвшлийн оролцоогүйгээр нийтийн тээврийг хөгжүүлэх арга одоохондоо байхгүй нь тодорхой. Тийм болохоор тендер шалгаруулалт зэрэг дээр нь илүүтэй анхаарч үүрэх ачаа, хүлээх хариуцлагаа хуваалцаж, дэмжихээс өөр аргагүй юм. Өөрөөр хэлбэл түгжрэлийг бууруулахад хамгийн чухал нөлөө үзүүлэх нийтийн тээврийн салбарыг төр хувийн хэвшилтэйгээ хамтран өөд татах онцгой шаардлагатай.

Баганан тулгуурт галт тэрэг буюу хөнгөн галт тэрэгний зураг төслийн ажил эхэлсэн байгаа бөгөөд ойрын хугацаанд ТЭЗҮ-ийг урьдчилсан байдлаар танилцуулах юм. 2024 ондоо багтан эхний 21.2 километр шугамыг ашиглалтад оруулах төлөвлөгөө байна гэж нийслэлийн Засаг дарга хэлж байна. Хөнгөн галт тэрэг гурван шугамтай байх бөгөөд нэг цагт нэг шугаман дээр 12-15 мянган хүн зорчих тооцоогоор бол хотын түгжрэлээс асар их нимгэлэх нь ойлгомжтой хэрэг. Үүнээс гадна төв замын ачааллыг эрс бууруулах олон урсгалтай замын төслийн ТЭЗҮ ч мөн бэлтгэгдэж байгаа юм.

Юутай ч түгжрэлд хэт хийсвэр, эсвэл хэт дарамт үүсгэсэн шийдвэрүүд үр дүнгээ өгөхгүй. Харин иргэд, олон нийтийн эрх ашигт харшлахгүй гарц гаргалгааг олох, зам, дэд бүтэцээ сайжруулах, нийтийн тээврийн парк шинэчлэлийг дорвитой хийж тохь тухтай зорчих нөхцлийг нь бүрдүүлэхэд илүүтэй анхаарал тавих нь зүй юм. 

Холбоотой мэдээ