Сүхбаатар аймгийн Засаг дарга З. Энхтөр тамгаа хүлээн авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-07-25 12:13:24

Өнөөдөр Сүхбаатар аймгийн засаг дарга Ж. Батсуурь Монгол Улсын ерөнхий сайдын захирамжийн дагуу шинэ засаг даргаар томилогдсон Занын Энхтөрд тамгаа хүлээлгэн өглөө.

Ж. Батсуурь хэлэхдээ: “Аймгийн нийгэм эдийн засгийн бүхий л үзүүлэлтүүд 2008 оноос хойш өнөөг хүртэл тасралтгүй өссөн үзүүлэлттэй байгаа. Дараагийн дарга маань ч гэсэн эдгээр өсөлтүүдийг үргэлжүүлж, цаг ямагт ард иргэдийнхээ төлөө санаа тавьж ажлаа чин шудрагаар хийгээрэй" хэмээн захив.

Шинэ засаг дарга З. Энхтөр: “ Бид хуулийн дор амьдардаг тийм учраас бүх зүйл хууль журмын дагуу байх учиртай. Миний хувьд Монгол Улсын ерөнхий сайдын захирамжаар засаг даргаар томилогдсон. Үүнтэй санал нийлэхгүй байгаа хэн ч шүүхэд хандаж болно. Хүн бүрийн өмнө шүүх засаглал нээлттэй. Тухайд үед гарсан шүүхийн шийдвэрийг ч би хүндэтгэх болно. Ямартай ч ажлаа хүлээж авлаа. Цаашид та бүхэнтэй гар нийлэн ажиллах болсондоо баяртай байна. Чин шударгаар ажиллаж байгаа хүмүүсийг намчирхаж элдэв халаа сэлгээ хийхийг хүсэхгүй байгаа. Тиймээс та бүхэн ажлаа тайван хийгээрэй. Аймаг орон нутгийнхаа хөгжил дэвшлийг шинэ шатанд гаргахын төлөө хамтдаа хичээцгээе” хэмээн уриалав.

 

Т. Одончимэг

Холбоотой мэдээ