Ховд-Алматы чиглэлд нислэг үйлдэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Иргэний агаарын “Хүннү Эйр”
компани орон нутагт Улаанбаатар-Ховдын чиглэлд нислэг үйлдэж байна. Үүнээс
гадна ирэх сарын 16-наас эхлэн Ховд-Алматы чиглэлд олон улсын нислэг хийхээр
болжээ. Энэ талаар ЗТХ-ийн сайд Л.Халтар Баян-Өлгий, Ховд аймгийн нисэх онгоцны
буудал, Автотээврийн төв, Авто зам засвар арчлалын компаниудын үйл ажиллагаатай
танилцах үеэр мэдээллээ.
Олон улсын нислэг үйлдэхтэй
холбоотойгоор Хил хамгаалах алба, гаалийн газар, мэргэжлийн хяналтын байгууллага
хамтран төлөвлөгөө гарган ажиллах үүргийг Ховд аймгийн нисэх буудлын удирдлагад
өгөв. Харин Баян-Өлгий аймгийн нисэх буудлын удирдлага нисэх буудлын үйл
ажиллагаа хэвийн, аймгийн удирдлага Улаанбаатар-Өлгий чиглэлийн нислэгийн тоог
нэмэгдүүлэх, шөнийн цагаар нисэх онгоц буух зориулалтын гэрэлтүүлэгтэй болгох,
Өлгий-Казахстаны чиглэлд нислэгтэй болгох саналыг салбарын сайдад тавив.
Ташрамд мэдээлэхэд, үүний
өмнө “Хүннү Эйр” компани 2020 оны 11 дүгээр сараас Бүгд Найрамдах Казахстан
улсын Алматы хот руу 2 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдсэн юм.