"Бээжин-2008"-аас медаль хүртсэн 23 тамирчин сэргээшийн шинжилгээнд унажээ

Дэлхийд
dorjkhand@montsame.mn
2016-07-23 11:38:06

БЭЭЖИН. /Kyodo/. “Бээжин-2008” зуны Олимпын наадамд оролцсон тамирчдаас авсан дээжийг дахин шинжлэн судлахад уг Олимпоос медаль хүртсэн 23 тамирчны сэргээшийн шинжилгээний хариу эерэг гарчээ.

Сүүлд болсон хоёр Олимп буюу Бээжин болон Лондоны Олимпын наадамд оролцсон тамирчдаас авсан дээжийг Олон улсын Олимпын хороо /ОУОХ/ Дэлхийн сэргээшийн эсрэг агентлагтай хамтран хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ашиглан энэ оны гуравдугаар сараас хойш дахин шинжилж байгаа билээ.

Бээжингийн Олимпын 386 тамирчны сэргээшийн шинжилгээний хариуг ОУОХ өчигдөр гаргажээ.

Тус хороо мэдэгдэхдээ “спортын дөрвөн төрлийн 30 тамирчин сэргээшийн шинжилгээнд унасан. Эдгээр тамирчны 23 нь “Бээжин-2008”-аас медаль хүртсэн тамирчид” гэв.

Мөн Лондоны Олимпод оролцсон 138 тамирчны сэргээшийн шинжилгээний дүнг ОУОХ танилцуулан “спортын хоёр төрлийн 15 тамирчны шинжилгээний хариу эерэг гарсан” гэлээ.

Сэргээшийн шинжилгээнд унасан тамирчдын нэрс болон аль улсын тамирчид болохыг ОУОХ мэдэгдсэнгүй. Харин холбогдох улсуудын Олимпын хороонд шинжилгээний дүнг мэдэгдсэн байна.

Шинжилгээний хариу нь эерэг гарсан тамирчид Риогийн Олимпод оролцох боломжгүй юм.

Нийтдээ Бээжингийн Олимпод оролцсон 60, Лондоны Олимпод оролцсон 38 тамирчин сэргээшийн шинжилгээнд унаад байна.

Г.Доржханд

Холбоотой мэдээ