Хайгуулын тусгай зөвшөөрлийн лицензийг 350-400 болгон нэмжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2022-02-24 11:59:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй бүх талбайг tender.gov.mn сайтаар дамжуулан олон нийтэд нэгэн зэрэг зарлах болсныг УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал эрдэс баялгийн салбарын бодлогын шинэчлэл, уул уурхайн чиг хандлагыг урьдчилан судлах “Геологи, уул уурхайн салбарыг эрчимжүүлэх нь” хэлэлцүүлгийн үеэр танилцууллаа.


Хайгуулын тусгай зөвшөөрлийн лицензийн сонгон шалгаруулалтын журмыг шинэчилж, цахимжуулснаар сонгон шалгаруулалтын үйл явцыг нээлттэй ил тод болгон, 300 гаруй хуудастай цаасан материал, эдгээрт 102 гаруй үсэг шаарддаг байсныг өөрчилж, 42-45 хоногт олгодог тусгай зөвшөөрлийг 7-10 хоног болгон богиносгож байна. Санхүүгийн үнийн саналыг 70, техникийн үнийн саналыг 30 хувь байх нь оновчтой гэж үзсэнээр авилгалд өртөх эрсдэлийг багасгаж байгааг дэд сайд онцлов.


Түүнчлэн, уул уурхайн салбарт хөрөнгө оруулагч тал сонирхсон талбай нь хэдийд зарлагдахыг мэдэхгүй 1-5 жил хүлээдэг байсныг нээлттэй ойлгомжтой болгож, жилд ихдээ 109 талбайд лиценз олгодгийг 4 дахин нэмж, 350-400 лицензийн талбай зарлахаар болжээ. Цахим хуудаснаас хэн, аль лицензтэй талбайд, ямар үнэ өгсөн, ямар үнэлгээ тавьсныг ч харж болно.

Энэ онд нийт 4.2 сая га талбайд 400 орчим лиценз зарлах зөвшөөрөл авсан байгааг Үндэсний геологийн агентлагаас талбайн хуваарилалтыг шинжлэх ухааны үндэслэлтэй, оновчтой ялгаж зохион байгуулах аж.


Оролцогч аж ахуйн нэгжээс өмнө нь банканд тушаасан төлбөрийн баримт шаардаж байсан бол онлайнаар 250 мянган төгрөг төлснөөр эрх нь нээгдэнэ. Үндэсний цахим газрын үсгээр баталгаажуулсан өргөдлөө өгч, үйлчилгээний хураамжуудыг ч онлайнаар төлөх боломжтой болжээ. Сонгон шалгаруулалтад нэг оролцогч байвал техникийн саналын бүрдэлтээс хамаараад шууд олгоно. Харин хоёроос дээш оролцогч байвал техникийн саналыг үнэлж хамгийн их үнэлгээ авсан аж ахуйн нэгжид хайгуулын лиценз олгох юм. Ингэхдээ 40-45 хоног байсныг 7-10 хоног болгон богиносгожээ.


Төрийн худалдан авах ажиллагааны 99,4 хувь нь tender.gov.mn сайтаар болдог. Хайгуулын тусгай зөвшөөрлийн лицензийн сонгон шалгаруулалт ч энэ сайтад холбогдож байгаа. Сонгон шалгаруулалтад оролцдог 15365 аж ахуйн нэгж бүртгэлтэй байдаг бөгөөд системийн хандалт жилдээ 20 саяыг давдаг аж.


“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд "Шангри-Ла" зочид буудалд болж буй хэлэлцүүлгийг УУХҮЯ, ҮГА, АМГТГ, ИБУИНВУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Австрали улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ, АМЕП хөтөлбөр, Австралийн хөгжлийн хөтөлбөр хамтран зохион байгуулж байна.



Холбоотой мэдээ