ЗАВХАН: Мал махны дуудлага худалдаа болно
ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНҮҮД | ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ
Улиастай, 2025 оны арваннэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Завхан
аймагт баруун бүсийн мал, махны дуудлага худалдаа болно.
Дуудлага худалдаа нь үндэсний болон орон нутгийн мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрүүдтэй хамтран малчдын бэлтгэсэн гарал үүсэл нь тодорхой, эрүүл, үйлдвэрийн чанар шаардлагад нийцсэн малыг зах зээлд борлуулах, эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой юм.
Баруун бүсийн мал, махны дуудлага худалдааг Завхан аймгийн төв Улиастай суманд 11-р сарын 22, 23-ны өдрүүдэд зохион байгуулна. Энэхүү дуудлага худалдаанд малчид, хоршоод, аж ахуйн нэгжүүд нээлттэй оролцох боломжтой юм. Дуудлага худалдааг "Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” Адапт төслийн хүрээнд Завхан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран зохион байгуулж байна.
Завхан аймаг энэ онд 324.7 мянган толгой мал буюу 10391 тн махыг хүнсэнд хэрэгцээлэхээр төлөвлөсөн. Энэ тоо нэмэгдэх хандлагатай байгаа. Завхан аймагт “Завхан хүнс” групп, “Саян ундарга” ХК, “Нисэх агро” ХХК, “Сэцэн Агро” ХХК, “Тэс шим” хоршоо зэрэг 5 аж ахуйн нэгж мах боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Энэхүү дуудлага худалдаанд дотоодын томоохон махны үйлдвэрүүд оролцоно, тиймээс малчид хоршоод идэвхтэй оролцохыг хүсэж байна.
Завхан аймаг Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хүнсний таван жилийн төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна. Хүн амынхаа махны хэрэгцээний 98.7 хувийг дотоодоосоо хангаж байна гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

Улаанбаатар