"Бүх хэлийг сурцгаая, эх хэлээ хүндэлцгэе" уралдааны ялагчдад шагнал гардуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-02-21 17:34:26

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монголын казахуудын хэл, соёлыг дэмжих холбооноос Олон улсын эх хэлний өдрийг тохиолдуулан ерөнхий боловсролын сурагчдын дунд "Бүх хэлийг сурцгаая, эх хэлээ хүндэлцгэе" сэдэвт уран уншлагын цахим уралдааныг өнгөрсөн сарын 20-ны өдөр зарласан.

Уралдаанд 130 гаруй сурагч оролцож, бага ангийн хүүхдүүд яруу найрагч, зохиолчдын эх хэлний тухай бүтээлийг, дунд, ахлах ангийн сурагчид өөрсдийн бичсэн шүлэг, эсээ, богино өгүүллүүдээ уншиж өрсөлдөв.

"Монголын казахуудын хэл соёлыг дэмжих холбоо 2021 оны 12 дугаар сард байгуулагдсан. Холбооны үйл ажиллагааны гол зорилго бол төр засгаас хэл, соёлын чиглэлээр гарсан бодлого, шийдвэрүүдийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, үндэстний цөөнхийн хэл, соёлыг хамгаалах, хөгжүүлэх, сурталчлах юм. Жил бүрийн 2 дугаар сарын 21-ний өдөр тохиох Олон улсын эх хэлний өдрийг тохиолдуулан сурагчдын дунд эх хэлний сэдвээр цахим уралдаан зарлаж дүнгээ гаргалаа. Уралдааны нийт шагналын сан 1 сая төгрөг. Шилдгээр шалгарсан сурагчдад өнөөдөр шагналыг нь гардуулав" хэмээн тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Монгол Улсын Гавьяат багш Е.Дөрбетхан хэллээ.

"Бүх хэлийг сурцгаая, эх хэлээ хүндэлцгэе" уралдааныг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулах ажээ.

Холбоотой мэдээ