Боролдой номын дэлгүүр өөртөө үйлчилдэг болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-02-18 17:24:18

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн Боролдой номын дэлгүүр өргөтгөл хийж, өөртөө үйлчилдэг үйлчилгээг орон нутгийнханд үзүүлж эхэллээ.

Номын дэлгүүрээ өргөтгөж, уншлагын танхим бүхий кафе, номын булангуудыг төрөлжүүлэн, хүссэн номоо үзэж, уншиж, сонгох боломж бүхий өөртөө үйлчлэх үйлчилгээг нээгээд байна. Өргөтгөл хийхдээ номын цаас болон өнгийн цаас, гарын доорх материалыг ашиглан тохижуулсан нь илүү өнгөлөг өвөрмөц болжээ. Тус дэлгүүр номын сонголт их, сүүлийн үеийн бестселлер номуудыг боломжийн үнээр худалдан авах. Уран зураг болон орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэгчид, гар урлаачдын бүтээгдэхүүнүүдийг нэг дороос авах боломжийг бүрдүүлснээрээ шинэлэг үйлчилгээг нэг дор шийдсэн нь сайшаалтай юм. Түүгээр ч барахгүй Улаанбаатар хотоос 1000 км алслагдсан хэдий ч орон нутгийн иргэд бестселлер номуудыг боломжийн үнээр худалдан авч чаддаг гэж Боролдой номын дэлгүүрийн байнгын үйлчлүүлэгч Б.Ариунбаяр хэлэв. 

Боролдойгоос хүссэн номоо боломжийн үнээр авч болно

Боролдой нь анх хүүхдийн номын дэлгүүр тодотголтойгоор 2017 онд Улиастайд анх нээгдэж үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна.

Бид жил бүр үйлчлүүлэгчдэдээ зориулж шинэ, шинэлэг үйлчилгээг санал болгодог. Өдгөө 6000 орчим хүүхдийн уран зохиолын болон сурах бичиг, танин мэдэхүй, уран зохиолын дэлхийн сонгодог зохиолуудыг худалдаалж байна. Манай дэлгүүр нь Интерномын гэрээт салбар дэлгүүр. Манайх номын өргөтгөсөн худалдааг хийхээс гадна хүүхдүүд, уншигчдад зориулж, номын дэлгүүрийн нүүдлийн худалдан авалтыг аймгийнхаа таван суманд явуулаад байгаа. Ер нь нүүдлийн худалдааг явуулах нь их дүнтэй. Учир нь хөдөө орон нутагт суугаа иргэдэд шинэ номыг газар дээр нь худалдан авах боломж тэр бүр байдаггүй юм. Тиймээс бид зарим сумуудтай хамтран номын өргөтгөсөн худалдаа үйлчилгээг тухайн суманд нь очиж үзүүлээд гурван жил болж байна. Цар тахлын улмаас номын нүүдлийн өргөтгөсөн худалдаа хийгдээгүй. 


Мөн манайхаас хүүхдүүдийн амралтад зориулж урамшуулалт худалдаа зохион байгуулахаас гадна зургийн болон дүрслэх урлаг, цаасан наамал хийх, хичээлийн хоцрогдол арилгах дугуйлангуудыг хичээллүүлдэг. Анх уншлагын танхимын номоо хандиваар авч байсан бол өдгөө уншлагын танхимаа 3500 гаруй номоор баяжуулжээ. Энд хүүхдүүд ирж сонирхсон номоо худалдан авахаас гадна уншиж суух боломжтой. Боролдойгоос хүссэн номоо боломжийн үнээр авч болдог гэж байнгын үйлчлүүлэгчид маань ам сайтай байдаг. Тиймээс номын дэлгүүрээ өргөтгөж, үйлчлүүлэгчдэдээ илүү ойртох. Тэднийг тав тухтай орчинд хүссэн номоо сонгож худалдан авах боломжоор хангахаар өөртөө үйлчилдэг үйлчилгээг нэвтрүүлээд байна гэж Боролдой номын дэлгүүрийг үүсгэн байгуулагч Н.Норжмаа мэдээлэв. 

Ташрамд Завхан аймагт хүүхдийн номын дэлгүүр огт байхгүй байсан бөгөөд Боролдой номын дэлгүүр нь анхных ажээ.



Холбоотой мэдээ