"Амар амгалан Дорноговь" хөтөлбөр хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-02-18 14:45:27

Дорноговь/МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ИТХ-аас санаачилж хууль хяналтын байгууллага, тусгай чиг үүргийн байгууллага, 14 сумын хуулийн мэргэжилтнүүд бүхий 40 гаруй хүнийг оролцуулсан гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх,  урьдчилан сэргийлэх ажил төлөвлөх сургалтыг энэ сарын 17-19-нд зохион байгуулж байна.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зөвхөн хууль хяналтын байгууллага хийх бус ард иргэд, аж ахуйн нэгж гээд нийгмийн бүх түвшинд нэгдсэн ойлголттой болсноор үр дүнтэй зохион байгуулах боломжтой гэж үзжээ.

Аймгийн ИТХ-аас “Амар амгалан Дорноговь” хөтөлбөрийг аймгийн хэмжээнд зохион байгуулахаар санаачилсан бөгөөд энэ ажлын хүрээнд сүүлийн 10 жилийн хугацаанд үйлдэгдсэн гэмт хэргийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, цаашид хэрэгжүүлэх ажлын  зорилтоо тодорхойлон, тодорхой хөтөлбөр төлөвлөгөө гарган ажиллахаар болжээ.

Тус сургалтыг Монголын криминологийн холбоотой хамтран зохион байгуулсан аж. Албаны эх сурвалжид дурдсанаар Дорноговь аймаг гэмт хэргийн гаралтаар улсын хэмжээнд тавд байгаа бөгөөд хулгай, бусдын өмчлөлд халдах хэрэг нийтлэг байгаа төдийгүй 35 хүртэлх насны залуус гэмт хэрэг хийж, мөн гэмт хэрэгт өртөж байгаа зүйл илүү ажиглагдаж байгаа аж. 

Дээрх сургалтад хамрагдсанаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль тогтоомжийн талаар төрийн болон төрийн бус байгууллагын албан хаагчид мэдлэг олох, гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, урьдчилан сэргийлэх ажлыг төлөвлөх ур чадвар эзэмших юм.

Холбоотой мэдээ