Онцгой албан татварын тэмдэггүй 711 шил архийг хураав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг дахь
Цагдаагийн газар, Татварын хэлтэс хамтран “Акц” хэсэгчилсэн арга хэмжээ зохион
байгууллаа.
Тус ажил нь архи, согтууруулах ундааны
зохисгүй хэрэглээг багасгах, хууль бусаар стандартын шаардлага хангахгүй согтууруулах
ундаа худалдах үйлдлийг илрүүлэх, таслан зогсоох, иргэдийн эрүүл мэндэд учирч болзошгүй
эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилготой аж.
Хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд архи,
согтууруулах ундаа худалдаалах зөвшөөрөл бүхий дэлгүүрүүдэд хяналт шалгалт
хийв. Шалгалтын явцад Өлгий сумын иргэн О нь хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй,
акц буюу онцгой албан татварын тэмдэггүй архи худалдаж байсан үйлдлийг илрүүлж 711
шил архийг хураан авсан байна.
Одоо уг асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа
явуулж байна.