Хятад-Умард Солонгосын яармаг худалдаа цуцлагдаж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-07-22 11:47:40

БЭЭЖИН. /NHK/. Хятад улс болон Умард Солонгосын тал энэ намар хамтран хийхээр төлөвлөсөн жил тутмын яармаг худалдаа цуцлагдаж магадгүй болжээ.

Эх сурвалжуудын ярьснаар, Хятадын Ляонин мужийн Дандун хот дахь уг яармаг худалдаа болдог цэнгэлдэх хүрээлэнгийн гал унтраах тоног төхөөрөмж аюулгүй байдлын шаардлага хангахгүй байгаа улмаас яармаг худалдааг цуцалж магадгүй байгаа аж.

Уг арга хэмжээг 2012 оноос хойш жил бүрийн 10 дугаар сард зохион байгуулсаар ирсэн юм.

Пхеньян цөмийн болон баллистик пуужингийн туршилтыг удаа дараа хийж байгаатай холбоотойгоор Хятад-Умард Солонгосын харилцаанд таагүй байдал үүсээд байгаа билээ. Энэ нь уг яармаг худалдааг цуцлахад нөлөөлж байж магадгүй гэж зарим ажиглагч дүгнэж байна.

Тус цэнгэлдэх хүрээлэнд Өмнөд Солонгостой хамтран анхны яармаг худалдааг зохион байгуулахаар Хятад улс төлөвлөж байсан боловч өнгөрсөн сард цуцалжээ. Хятад улсын дарга Си Зиньпин Умард Солонгосын нөлөө бүхий албаны хүнтэй уулзсаны дараахан ийм шийдвэр гаргасан аж. 

Энэ нь “Хятад улс хоёр Солонгостой ижил тэгш харилцахыг оролдож байна” гэсэн дүгнэлтийг хийхэд хүргэж байгаа юм.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ