Л.Оюун-Эрдэнэ: Одоо “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд эдийн засгаа богино хугацаанд сэргээх том сорилт бий

МОНГОЛЫН МЭДЭЭ | ТОДРУУЛГА
ariunbold@montsame.gov.mn
2022-02-14 13:58:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр сэтгүүлчидтэй уулзаж, сонирхсон асуултад хариуллаа.


-Хил хаалттай байснаас үүдэн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Орон нутагт А92 шатахууны үнэ литр тутам нь 3000 төгрөг дөхөж байна. Үүнийг буулгахад Засгийн газар хэрхэн шийдвэрлэх вэ?


-Цар тахал амаргүй байна. Монгол Улсын Засгийн газар цар тахлыг даван туулахын тулд чадах бүхнээ хийсээр ирсэн гэж олон улсад үнэлэгдэж байгаа. Бид дулаан цахилгааны төлбөрийг хариуцах, вакцинжуулалтыг эрчимжүүлэхээс эхлээд олон асуудалд иргэн, аж ахуйн нэгжүүдтэйгээ хамт байсан. Цар тахал бол дэлхий нийтэд шинэ зүйл, ирээдүй тодорхойгүй учраас алдаж оносон олон зүйл байсныг үгүйсгэхгүй. Одоо бол цар тахлын үеийн эдийн засгийн эффект үргэлжилж байна. Дэлхий нийтэд инфляци өсөж, бараа бүтээгдэхүүний хомсдол үүсэж байгаа. Монгол Улсад вакцинжуулалт харьцангуй сайн явсан. Гэхдээ дэлхий нийтэд 11 тэрбум тун вакцин шаардлагатай байгаа. Дэлхийн бусад улс орнуудыг вакцинжуулалтад жигд хамруулахгүй бол цар тахал вакцингүй хэсэгт дахин дэгдэж, мутацид орох нь хамгийн том эрсдэл гэж ДЭМБ үзэж байгаа. Өнөөдөр хүртэл үйлчилгээний байгууллага нь хаалттай, хатуу хөл хориотой олон улс бий. Бид хил хязгаараа эхэлж нээж, эдийн засгаа нээлттэй явуулсаар ирсэн. Гэхдээ маш их хүндрэлтэй байгаа. Саяхан тэтгэвэр нэмсэн нь Монгол Улс ахмадуудаа боломжийн хэмжээнд дэмжиж байгаа хэлбэр. Оюутолгой төслийн далд уурхайгаас эхлээд эдийн засгийн нааштай үзүүлэлт байгаа учраас Засгийн газар энэ зүйлийг зориглож хийж байгаа юм. Аялал жуулчлалаа нээж байгаа нь ч хоёр жилийн хугацаанд хүнд нөхцөлд байсан авиа компани, зочид буудлуудаа дэмжих бодлоготой холбоотой. Одоо “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд эдийн засгаа богино хугацаанд сэргээх том сорилт бий.


-Намуудын санхүүжилтийг ил болгох уу. Хөгжлийн банк, ЖДҮХС-гийн зээл зэрэг нь намын санхүүжилттэй холбоотой гэсэн хардлага бий?


-Улс төрийн намуудын санхүүжилтыг цэгцлэх ёстой. Цаашдаа УИХ-ын гишүүн хамгийн бага зардлаар сонгогддог жишиг рүү явах ёстой. Япон болон Герман болон бусад улс ийм жишигтэй байдаг. Өөрөөр хэлбэл, мөнгөтэй болон мөнгөгүй нэр дэвшигчийн ялгаатай байдлыг арилгаснаар шударга засаглал тогтдог. Тиймээс улс төрийн намын санхжүүжилт болон эрх зүйн зохицуулалттай холбоотой хуулийн төслийг Ерөнхийлөгч өргөн барина гэсэн мэдээлэл бий. МАН бол улс төрийн нам нэр хүндтэй, бодлогын хэмжээнд ажилладаг байхын том алхмыг түрүүлж хийнэ. 


-Гашуун сухайтын төмөр зам хэзээ ашиглалтад орох вэ?


-Монгол, БНХАУ хил холболтын цэгээ тохирсон нь туйлын чухал. Монгол Улс өргөн, БНХАУ нарийн цариг буюу өөр өөрийн стандартаар явна. Хил холболтын цэгийг байгуулснаар төмөр замын төслүүд идэвхжинэ. “Боомтын сэргэлт” бодлогын хүрээнд бүх боомтоо автозам болон төмөр замтай болгох бодлого идэвхжинэ. Ачаа бараа ачиж буулгах терминалтын ТЭЗҮ-ийг боловсруулж, ажлын зургийг гаргасны дараа санхүүжилт тодорхой болно. Үүнийг маргааш болох хоёр орны холбогдох албаныхны хурлаар нарийвчлан ярина.

Холбоотой мэдээ