АНУ Зүүн Европт цэргээ удахгүй байрлуулна гэж мэдэгджээ

ДЭЛХИЙД | Улс төр
Jargal.d@montsame.mn
2022-01-29 10:23:24

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын эрх баригчид ойрын хугацаанд цөөн тооны цэргээ Зүүн Европ руу илгээхээр төлөвлөж байгааг тус улсын Ерөнхийлөгч Жо Байден баасан гарагт сэтгүүлчдэд мэдэгджээ.


“Би АНУ-ын цэргийг Зүүн Европ болон НАТО-гийн орнуудад ойрын хугацаанд байрлуулна. Цэргийн тоо тийм ч их биш байна" гэж Цагаан ордны тэргүүн мэдэгдсэн байна. Украины нөхцөл байдлын талаар ямар нэгэн шинэ мэдээлэл байгаа эсэхийг асуухад Ж.Байден " сүүлийн хоёр цагийн байдлаар байхгүй байна” гэж хариулжээ. 


АНУ Европ руу 8500 цэргээ илгээхэд бэлэн байгаа боловч энэ асуудлаар эцсийн шийдвэр хараахан гараагүй байна гэж Пентагоны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жон Кирби даваа гарагт мэдээлсэн. Түүний хэлснээр, эдгээр нь байлдааны, тагнуулын, нисэхийн, эмнэлгийн болон тээврийн ангиуд байх юм. 


Энэхүү цэргийн бүрэлдэхүүнийг Украины эргэн тойронд үүссэн хурцадмал байдалтай холбоотойгоор аюулгүй байдалдаа санаа зовж буй НАТО-гийн гишүүн орнуудын нутаг дэвсгэрт тус эвслийн ивээл дор байрлуулах зорилготой гэж АНУ-ын эрх баригчид мэдэгджээ.


Сүүлийн саруудад Киев болон Барууны улстөрчид ОХУ-ыг Украинтай залгаа хилийн бүсэд цэргийн хүчээ төвлөрүүлж байна гэж мэдэгдсээр байгаа юм. Харин энэ талаар ОХУ-ын эрх баригчид мэдэгдэхдээ, тус улсын цэргүүд өөрийн нутаг дэвсгэрт шилжин байрлаж байгаа бөгөөд энэ нь хэнд ч заналхийлээгүй, хэн нэгэн үүнд санаа зовох ёсгүй гэж цохон тэмдэглэжээ.

 


Холбоотой мэдээ