АБГББХ: Монгол Улсын энэ оны төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийв

Монголын мэдээ | УЛС ТӨР
ariunbold@montsame.mn
2022-01-28 20:47:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын энэ оны төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.


Тодотголын төслийг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав. Коронавируст халдварын нөлөөгөөр дэлхий нийт сүүлийн хоёр жилийн хугацаанд эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн хүндхэн сорилттой нүүр тулж байна.  Манай улсын хувьд ч эдийн засгийн хүндхэн нөхцөл байдлыг туулж байгаа ч Монгол Улсын Засгийн газар санхүү, төсвийн бүхий л боломжит нөөцөө дайчилж иргэдийнхээ эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжүүдээ дэмжих, эдийн засгаа сэргээх нийт 6.9 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний ажлыг цогцоор нь хэрэгжүүлсэн байна. Зорилтот хүн амыг бүрэн вакцинжуулж, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г хэрэгжүүлж ажлын байрыг хадгалах, бизнесийг дэмжих бодлогын үр дүн 2021 оны төсвийн гүйцэтгэлд эерэгээр нөлөөлжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой шийдлийг дотоод нөөц бололцоогоо дайчлан яаралтай боловсруулж, үе шаттай авч хэрэгжүүлэн ажиллахыг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосонтой холбогдуулан Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4-д заасны дагуу төсвийн тодотголын төслийг боловсруулсан байна 


Төсвийн тодотголыг хэрэгжүүлэхэд тэтгэвэр нэмэгдүүлэх эх үүсвэр мөнгөн хөрөнгийн хувьд боломжтой боловч нэгдсэн төсвийн алдагдлыг Төсвийн тогтвортой байдлын тухай хууль болон Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд заасан хэмжээнд барих шаардлагатай тул нэгдсэн төсвийн нийт алдагдлын хэмжээг өөрчлөхгүйгээр төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсөв  хооронд зохицуулалт хийх замаар улсын төсвийн зарлагыг бууруулах, мөн дүнгээр нийгмийн даатгалын  тэтгэврийн сангийн төсвийг нэмэгдүүлэх  замаар шийдвэрлэхээр төлөвлөсөн гэдгийг танилцуулгадаа онцлон тэмдэглэлээ.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс асуулт, санал гараагүй. Иймд Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон бусад дагалдах хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Төсвийн байнгын хороонд танилцуулахаар тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Холбоотой мэдээ