Нүхэн жорлонг ариун цэврийн байгууламжаар солих төслийн баг Дундговьд ажиллав

ОРОН НУТАГТ | Дундговь
altantogos888@gmail.com
2022-01-28 13:26:26
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Боловсрол, шинжлэх ухааны яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга О.Хуягцогтоор ахлуулсан “Сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг ариун цэврийн байгууламжаар солих төсөл”-ийн баг Дундговь аймагт ажиллалаа.

Төслийн баг аймгийн удирдлагуудтай уулзаж, тус аймгийн боловсролын салбарын ариун цэврийн байгууламжийн дэлгэрэнгүй судалгааг гаргах, тулгамдаж буй асуудал болон ашиглалт, үйлчилгээний асуудлыг шийдвэрлэх, төслийн хэрэгжилтэд тогтмол хяналт тавих, тайлагнах үүрэг бүхий ажлын хэсгийг хуралдуулсан байна.

“Сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг ариун цэврийн байгууламжаар солих” төсөл нь 2021 онд хэрэгжиж эхэлсэн бөгөөд 1, 2-р ээлжинд нийт 819 төслөөс 370 гаруй төслийг түлхүүр гардах нөхцөлтэйгөөр тендер зарлаж эхлүүлсэн байна.

Энэхүү ажлын хүрээнд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын сургуулийн дотуур байр, цэцэрлэг, Дэлгэрхангай сумын хичээлийн хоёр байр, дотуур байрыг холбох, Цагаандэлгэр сумын сургуулийн дотуур байр цэцэрлэгийг холбох төслийн ажил эхэлжээ. 

Дээрх хуралдаанаар 1, 2-р ээлжийн ажлын явцтай танилцаж, алдаа дутагдлыг дүгнэн зөрчлүүдийг дараагийн ээлжинд давтахгүй байх, мөн 3,4-р ээлжинд ариун цэврийн байгууламжид холбогдоогүй бүх сумын сургууль, цэцэрлэгийн судалгааг нарийвчлан гаргах чиглэл өгч, ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг шинэчлэхээр болжээ.

Энэхүү төсөл хэрэгжсэнээр Дундговь аймгийн бүх сумын сургууль, цэцэрлэг стандартын шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжтай болох юм.

Холбоотой мэдээ