АНУ-ын Фулбрайт тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн оюутнаас үл хөдлөх барьцаа хөрөнгө шаарддаг байсныг цуцлав

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2022-01-27 21:59:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, АНУ дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой өнөөдөр байна. Энэхүү тэмдэглэлт өдөр хоёр орны “Хамтарсан Фулбрайт тэтгэлэгт хөтөлбөрийн санхүүжилт, үйлчилгээний хэлэлцээр”-ийг шинэчлэн байгууллаа.

 

БШУЯ анх 2010 онд АНУ-ын Олон улсын боловсролын хүрээлэнтэй Фулбрайтын “Тэтгэлгийн хэлэлцээр”-ийг байгуулж, байсан юм. Энэ цагаас хойш Монгол Улсын Засгийн газар жил бүр 10 суралцагчийг хамтарсан Фулбрайтын тэтгэлэгт хөтөлбөрөөр АНУ-ын шилдэг их, дээд сургуульд магистрын түвшинд суралцуулсаар ирсэн.

Өмнө нь тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан оюутнууд Боловсролын зээлийн санд үл хөдлөх хөрөнгө барьцаалдаг байсан бол шинэчлэн байгуулж буй хамтарсан хэлэлцээрээр энэ шаардлагыг цуцалж байгаа юм. Харин хөтөлбөрөө амжилттай төгссөн бүх суралцагчийг эх орондоо эргэн ирж 5 жил үр бүтээлтэй ажиллах заалтыг тусгажээ.

 

Мөн АНУ-ын Засгийн газрын санхүүжилттэй, Монгол Улсын Засгийн газрын санхүүжилттэй гэж хоёр төрөлд хуваагдан, сонгон шалгаруулалтыг тусдаа зохион байгуулж ирснийг өөрчилж Монголын болон Америкийн талын хоёр хөтөлбөрийг нэгтгэж, сонгон шалгаруулалтыг хамтран зохион байгуулахаар тусгажээ.


Холбоотой мэдээ