"Шүтээн урлал" үзэсгэлэн дэлгэгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2022-01-27 19:27:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын угсаатны зүйн гэр музейг үүсгэн байгуулагч О.Маш-Эрдэнийн цуглуулгаас бүтсэн "Шүтээн-Урлал" үзэсгэлэнг Монголын Урлагийн Зөвлөлийн "Улаан гэр" уран зургийн галерейд дэлгэлээ. 


Ирэх сарын 8-ныг хүртэл гарах тус үзэсгэлэн нь монголчуудын уламжлалт шашин шүтлэгт холбогдох зээгт наамал, хатгамлуудыг толилуулж буйгаараа онцлог юм.


Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр О.Маш-Эрдэнэ хэлэхдээ, “Монголд 90-ээд онд ардчилсан хувьсгал ялаад хүн өөрийн шашин шүтэх эрх чөлөөнд хүрснээр энэхүү бурхан шашны зээгт наамал, хатгамлууд ил болсонд би их баяртай байдаг. Би угсаатны зүйн холбогдолтой зүйлсийг 1990 оноос л бага сагаар цуглуулсаар хуучны эд зүйлийн нэлээд цуглуулгатай болсон. Хааяа эднээсээ зарж дараагийн илүү үнэ бүхий эртний үнэт зүйлсийг олж авдаг. Нэг ёсондоо энэ нь өөрөө эргэлт хийж байна гэсэн үг.

Ер нь өдрөөс өдөрт биднээс холдож буй нүүдэлчин ахуй, соёлоо хойч үедээ уламжлуулан таниулах, олон түмэндээ сурталчлах нэгэн нэрийн хуудас нь угсаатны зүйн гэр музей маань гэж хэлж болно. Манай гэр музейд XVII-XX зууны эхэн үеийн монголчуудын нүүдэлчин сэтгэлгээ шингэсэн ахуй, соёлыг илтгэсэн сав, суулга, хувцас, хэрэглэл, шашны эд зүйлс байдаг” гэлээ.


Тэрээр 1949 онд төрсөн, хуульч мэргэжилтэй, Олон улсын музейн зөвлөлийн гишүүн бөгөөд 1991 оноос эхлэн өөрийн хүүхэд насны зураг зурах сонирхол болон монгол өв соёлыг хадгалах, хамгаалах, уламжлуулах эрмэлзлээр уран зураг, монголчуудын өдөр тутмын аж амьдрал, шашин шүтлэгт холбогдох эд өлгийн зүйлс, бүтээлүүдийг цуглуулж эхэлсэн. Тэрээр өөрийн цуглуулгаар "Монголын угсаатны зүйн гэр музейг" үүсгэн байгуулсан ба тус музейн сан хөмрөг нь 10 000 гаруй үзмэртэй.


Тус цуглуулгад энгийн хийцтэй өдөр тутмын хэрэглээний аяга, саахуунаас эхлэн нэн ховор тансаг чамин хийцтэй бурхан шашны шүтээн урлагийн эд зүйлс бий. 2020 онд Сэнгэраги арт галерейд 30 гаруй ховор морин хуур, ая дангийн судруудаар "Хөхөө Намжил" үзэсгэлэнг гаргасан. 2021 онд Цонжин болдог дахь Чингис хааны морьт хөшөөт цогцолбор дахь “Монголын эзэнт гүрний музей”-д өөрийн цуглуулгаас 540 гаруй бүтээлээр "Монгол шүтээн урлал", "Монгол цайны соёл" үзэсгэлэнг гаргасан нь өдгөө олон нийтийн хүртээл болсоор байна.
















Холбоотой мэдээ