Утааны буруутан

ТОЙМ
uranatuya@gmail.com
2022-01-27 13:01:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/.                                                 

Утаан дунд өвлийг бардаг болоод хорь гаруй жилийн нүүр үзсэн нийслэлчүүдийн хувьд өнгөрсөн хоёр өвөл утаа эрс багассаныг харах үлгэр мэт л байлаа. Гэвч Улаанбаатарын утаа эргэн ирж түлш, эсвэл яндан зуухны аль нь буруутайг олон нийт шүүн хэлэлцэж байна. Яндан байгаа цагт утаа байх нь ойлгомжтой. Гэхдээ сайжруулсан, утаа багатай түлш хийж, үйлдвэрлэж эхэлсэн нь бидний ололт. Үүний ачаар хоёр өвлийг тун дажгүй давсан.


Эрдэмтэд утаагүй, эсвэл маш бага утаа гаргадаг түлш байх боломжтой гэдэг. Гэхдээ түлшний орц найрлага, зуухны боловсронгуй эсэх, шатаах горим зэрэг нь утаа, тоос тортог, угаарын хий их ба бага гарахад нөлөөлдөг байна. Энэ удаагийн их утаа дутуу шаталтаас үүдсэн угаарын хий гэдэг нь үнэн байх магадлалтай л юм.

Цаг минут тутамд зах хязгаараа тэлж байгаа гэр хорооллын суурин дээр ус дулаанаа бүрэн шийдсэн барилга орон сууц баригдаж сүндэрлэтэл урт удаан хугацаа хэрэгтэй. Тэр болтол бидний найдвар бол сайжруулсан түлш. Тун ойрын үеийн шийдэл бол супер дээд зэргийн биш юм гэхэд багахан шиг утаа гаргадаг түлш үйлдвэрлэх л явдал. Утаагүй түлшний технологи нь маш хүндээс гадна асар өндөр зардалтай. Гэсэн ч манайх маш боломжийн үйлдвэртэй болж чадсан. Энэ бол нэг алхам ахисан ажил байсан. Өнөөдрийн “Таван толгой түлш” компани сайжруулсан түлш үйлдвэрлэх хүртэл их урт замыг туулсан түүх хуучраагүй л байна. Монголчууд ийм үйлдвэртэй болох гэж, утаагүй буюу сайжруулсан түлшний үйлдвэрлэлийг үүсгэн хөгжүүлэх гэж олон жил оролдож багагүй туршлага хуримтлуулсан, олон ч үйлдвэр, цех  байгуулсан. Дампуурсан нь ч олон.


 

Ингэхэд эргэн ирсэн утаа юуны буруугаас үүдэв? Түлш үйлдвэрлэх, түгээх борлуулах, хүртээмжийг тооцох зэрэг бүх ачааллыг ганцхан компанийн нуруун дээр овоолчихоод чанартаа анхаарах боломж нөхцөл олгоогүй зэрэг алдаа ч байх магадлалтай. Өмнөх ачааллаа дийлэхгүй шахам ажиллаж байсан шинэхэн үйлдвэрт гал гарсан нь хүртэл асуудал дээр нэрмээс болж орхисон. Сайжруулсан түлш муудсан шалтгаан хямд үнээр түгээхийн тулд бага өртөгөөр үйлдвэрлэж байгаатай холбоотой гэж хардаж бас болох. Түлшний чанар дээрдэх, технологийг нь сайжруулах бүү хэл үйлдвэрлэлээ арай ядан явуулж, олон мянган айл өрхийг хөлдөөчихгүй гэж зүтгэж байгаа газраас чанар нэхэх боломж ч үнэндээ байхгүй боллоо. Зуухаа сайжруулах, орон байрныхаа дулаан алдагдлыг багасгах гэх мэт хувь иргэдийн хариуцлагын асуудал ч энд бас яригдах л ёстой зүйл.


Утаа урьдынх шиг асуудал болж эхлэхэд Байгаль орчны сайд болон яамны зарим албан тушаалтнууд агаар орчны асуудал хариуцсан нийслэлийн ажилтнууд албан тушаалаасаа бууж, хариуцлага хүлээв. Салбарын шинэ удирдлага үйлдвэрлэл эхлээд гуравхан жил болж байгаа “Тавантолгой түлш” ХХК-ийн техник технологийн шинэчлэлийн талаар ч ам нээв. Хаана алдаа гарсныг хайж олох, засаж залруулах, хариуцлага хүлээлгэхэд энэ мэтээр анхаарч байна. 




Гэр хорооллыг орон сууцжуулах, эрчим хүч, дэд бүтцийн асуудлыг нь шийдэх, өөр бусад гарц шийдлүүдээр утаагүй болох олон арга бий. Гэхдээ хамгийн ойрын хугацаанд, тэр бүх шилдэг шийдэл биелэлээ олтол утаа багатай түлш түлэхээс өөр арга алга.


Манай улс таван жилийн дараа эрчим хүчний хараат байдлаас ангижрах төлөвлөгөөт ажлаа энэ жил эхлүүлнэ гэж буй. Технологийн шинэчлэл хийлгүй 40,50 жил болчихсон эрчим хүчний салбарын одоогийн нөхцөл утааг багасгахад хувь нэмрээ оруулах чадамжгүй болж "өвгөрсөн". Энэ салбар ашиггүй, татаасаар амьдардаг, өрнөөс өрний хооронд байгаа цагт гэр хорооллын утааг үгүй болгох шийдэлд хувь нэмрээ оруулж хэзээ ч чадахгүй. Гэр хорооллыг бүхэлд нь цахилгаан халаагуурын шийдэлтэй болгох ч тийм амар ажил биш. Хэрэв ингэх дээрээ тулбал сүлжээгээ томсгож, цахилгааны эх үүсвэр буюу цахилгаан станц барих хэрэгтэй болно. Гэтэл үйлдвэрлэл хангалттай биш, ахуйн хэрэглээ голлодог манайх шиг улсад томоохон эх үүсвэрүүдийн үйл ажиллагаа тасралтгүй явж байх тогтмол хэрэглээ хомс гэж үздэг байна.


Ер нь асуудлыг шийдэх арга технологи хангалттай бий. Харин түүнийг нэвтрүүлэхэд их мөнгө хэрэгтэй, мөнгө зарцуулсны дараа мөнгө олдог байх ёстой.  Гэтэл үнэ өндөр технологийг хэрэглэх чадвартай нь хэд байх билээ. Тэгэхээр хамгийн ойрын үеийн, хамгийн амьдралд ойр байх боломжтой шийдэл нь одоохондоо сайжруулсан түлш. Харин цаг алдалгүй цахилгаан эрчим хүч болон бусад олон эх үүсвэрээр утааг шийдэх гарц шийдэл хослуулах, нэвтрүүлэх хэрэгтэй. Олон эх үүсвэртэй, олон сонголттой эрчим хүч үйлдвэрлэх, шинэ технологи нэвтрүүлэхийг салбарынхан, бизнесийнхэн хүлээж, дэмжлэг харж байгаа. Гэхдээ үнэгүй, эсвэл ашиг хүртэхгүй ажлыг бизнесийнхэн хийхгүй нь ойлгомжтой.




Эрчим хүчний салбарыг зах зээлийн зарчмаар нь явуулах, үнэ чөлөөлж, төрийн монополиос салгаснаар утаа байтугайг шийдэх боломж бүрэн байгаа ч гэдэг. Бид хамгийн их хэрэгцээтэй зүйлдээ мөнгө зарцуулж сураагүй ард түмэн гэж хэлж болно. Тийм ч учраас одоо бид утаагаар амьсгалж байна. Өнөөдрийн утаагаар амьсгалсны төлөөс ирээдүйд эрүүл мэндийн зардал болж ирнэ. Зүй нь, эрүүл орчинд амьдрахын тулд иргэд төлөх ёстойгоо төлдөг нийгмийн ухамсартай байх учиртай. Өөрөөр хэлбэл хамгийн их хэрэгтэй зүйлээ зохих бодитой үнээр нь худалдаж авах ёстой. Түүний тулд иргэд орлоготой ажилтай байх, ажилтай орлоготой иргэдтэй байхын тулд эдийн засгийн тасралтгүй эргэлт, үйлдвэрлэлтэй байх ёстой. Манайд энэ бүхэн эсрэгээрээ. Цахилгаан хэрэглээний үнэ төлбөр харьцангуй бага, түүнээс ч бага байхыг шаарддаг. Цахилгаан дулаан үйлдвэрлэлийн салбар ашиггүй учраас нэмэгдэж буй ачааллыг даах нэмэлт эх үүсвэртэй болох чадамжгүй, урсгалаараа явж ирсэн байдаг.



Гэр хорооллын нийт айл өрхийн тал хэсэг нь монгол гэрт, тал нь байшин сууцанд амьдарч байна. Тэдний ердөө нэг хүрэхгүй хувь нь л өөрсдөө цахилгаан дулаан, бохирын асуудлаа бие даан шийдсэн байдаг байна. 2021 онд ипотекийн зээлд хамрагдсан өрхүүдийн 30 орчим хувь нь л гэр хорооллынхон байж. Урьдчилгаа төлбөр бүрдүүлэх, өрхийн орлого банкны шалгуурт тэнцэхгүй байх гэх мэт олон шалтгаанаар иргэд орон сууцанд шилжих боломжгүй байдаг. Зээлийн нөхцлийг зөөлрүүлэх гэх мэт бодлогоор дэмжлэг үзүүлэхийг салбарынхан ярьж байгаа ч тэр хүртэл хол.


Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр зуу зуун арга хэмжээ төлөвлөдөг ч бүрэн хэрэгждэг нь маш цөөхөн байдаг, дийлэнх нь үр дүн маш бага, мөн огт хэрэгжихгүй нь ч олон. Энэ бүх зардал төрийн халааснаас гоожиж байна л гэсэн үг. Ердөө гуравхан жилд /2017-2020 онд/ агаар орчны бохирдлыг бууруулах ажилд 450 тэрбум төгрөг зарцуулсан байдаг. Үүний багагүй хэсэг нь гадаадын зээл тусламж.


Төрөөс бодлогоор гэр хорооллыг дахин төлөвлөх хүрээнд орон сууцжуулах төсөл хэрэгжүүлэх, инженерийн шугам сүлжээ, дулаан, цахилгааны асуудлыг шийдвэрлэх төслийг хэрэгжүүлж байгааг албаныхан хэлж байгаа. Иргэдийн амьжиргаа нөхцөлд нь дарамт үүсгэхгүйгээр амьдарч буй байшин сууцанд нь инженерийн дэд бүтцийг нь шийдэх, байшин сууцыг дулаан алдалтгүй болгож стандартад нийцүүлэн барих, амины орон сууц барихад хөнгөлөлттэй зээл олгох, ногоон технологийг дэмжих зэрэг цогц шийдэл хэрэгтэй. 

Иргэд түлш түлж байгаа нь, иргэд хөдөө орон нутгаас ирж байгаа нь, иргэд олноороо гэр хороололд амьдардаг нь, иргэд орон сууцанд амьдрах чадал нь хүрэхгүй ядуу байгаа нь утааны гол шалтгаан гэж буруутгасаар байх нь одоо дэндүү утгагүй. 



Холбоотой мэдээ