Оюутолгойн уурхайн цахилгаан эрчим хүчийг дотоодоос хангах гэрээг байгууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-01-26 20:04:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Оюутолгойн уурхайг дотоодын эх үүсвэрийн цахилгаан эрчим хүчээр хангах гэрээг өнөөдөр ЭХЯ-нд байгууллаа. Тодруулбал, манай улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс Оюутолгой компанийг урт хугацаанд цахилгаанаар хангах гэрээг “Цахилгаан дамжуулах Үндэсний сүлжээ”, “Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-иуд, “Диспетчерийн үндэсний төв” болон “Оюутолгой” ХХК-ийн хооронд байгуулж дээрх компаниудын удирдлага гарын үсэг зурлаа.




Гарын үсэг зурах ёслолыг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх нээж хэлэхдээ, “Оюутолгойн гүнийн уурхайг нээн ажиллуулахад бэлэн болоод буй энэ цаг үетэй давхцан мөн тус уурхайг эрчим хүчээр хангахаар шийдвэрлэж буй нь манай улсын эдийн засаг, эрчим хүчний салбарт чухал үйл явдал болж буй”-г онцлов. Тэрээр энэ гэрээг өнөөдөр байгуулснаар манай улсын эдийн засаг, эрчим хүчний салбарт ойрын ирээдүйд орох их хэмжээний орлогыг баталгаажуулж байна. Учир нь гэрээг албажуулснаар жилд дор хаяж 120 сая ам.долларын импортын төлбөрийг дотооддоо үлдээнэ. Валютын гадагшлах урсгал энэ хэрээр буурах юм. Мөн энэхүү гэрээ нь “Тавантолгой ДЦС” болон  эрчим хүчний салбарт техникийн шинэчлэл хийхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг татах эрхзүйн акт болох юм” гэдгийг тодотгов.




Ёслолд оролцон гэрээнд гарын үсэг зурсан “Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес, уурхайн хувьд цахилгаан эрчим хүч амин чухал хэрэглээ юм гэдгийг тодотгон, “Оюу толгой” уурхайд аюулгүй байдал, тасралтгүй үйл ажиллагаа явуулахад маш найдвартай цахилгаан эрчим хүч хэрэгтэй. Бидний энэ хэрэгцээг ЭХЯ хэд хэдэн эх үүсвэрээс хангана гэдгээ мэдэгдэж байна. Энэ гэрээ талуудад үр өгөөжтэй шийдэл болсон гэдэгт итгэлтэй байна. Энэ бол Монгол Улсын Засгийн газар болон "Оюутолгой” компанийн хооронд үр дүнтэй, харилцан ойлголцож хамтран ажиллаж буйн нэг үр дүн" хэмээн онцолж, Монгол Улсын дотоодоос эрчим хүчээ хангахаар болж буй нь Оюутолгойгоос оруулах хувь нэмэр, өгөөж улам бүр нэмэгдэнэ гэдгийг цохин тэмдэглэв.




Тодруулахад, манай улсын Засгийн газраас Өмнөд говийн стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын Нарийнсухайт, Овоот толгой, Тавантолгой, Оюутолгойн зэс-алтны орд, Цагаансуварга, Шивээ-Овоо ордыг ашиглах, эдийн засгийн эргэлтэд оруулах үйл ажиллагааг шат дараатай хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүний хүрээнд дээрх орд газруудыг дотоодын эрчим хүчний системээс хангах зорилгоор 670 км урттай 220 кВ (киловольт)-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, том чадлын 220 кВ-ын гурван дэд станцыг 2021 онд барьж дуусгасан юм.

Мөн 450 МВт-ын хүчин чадалтай “Тавантолгойн ДЦС”-ыг төр өөрөө бүтээн байгуулахаар шийдвэрлэж, хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд тус станц ашиглалтад орсоноор Оюутолгойн уурхайн БНХАУ-ын ӨМӨЗО-ны эрчим хүчний системээс авч буй импортын цахилгаан эрчим хүчийг орлох юм.

Холбоотой мэдээ