З.Цэвээндорж: Автобусны богино эргэлтийн үйлчилгээг зарим чиглэлд тогтмол явуулж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газраас автобусны богино эргэлтийн үйлчилгээг зарим чиглэлд тогтмол явуулж байна.
Нийтийн тээврийн
богино эргэлт, уртасгасан цагийн үйлчилгээ, цахим системийн талаар нийслэлийн
Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Хяналт зохицуулалтын хэлтсийн дарга
З.Цэвээндорж ярьсныг НЗДТГ-ын Хэвлэл
мэдээлэлтэй харилцах хэлтэс нийтэлжээ.
-Нийтийн тээврийн 3 чиглэлд богино эргэлтийн маршрут гаргаад багагүй хугацаа өнгөрлөө. Үр дүн гарч байна уу?
Иргэдийн
ажил цуглах, тарах үед замд ачаалал үүсэж, хотын төвөөс гарах, төв рүү ороход түгжирдэг. Иймд ачаалал ихтэй цагуудад үндсэн 3 чиглэлд богино эргэлтийн
автобусыг нэмэлтээр явуулж байна. Тухайлбал,
Ч-1 чиглэл гэхэд Энхтайван өргөн чөлөөний дагуу Таван шараас Офицеруудын ордон
хүртэл зорчдог. Энэ чиглэлийг ажил тарах цагуудад Ч1-А, Ч1-Б гэсэн хоёр богино
эргэлтэд хуваасан. Таван шараас ирсэн автобус Мөнгөн завьяагаар эргэж
байгаа бол Офицеруудын ордноос ирж буй нь Сүхбаатарын
талбайгаас буцаж байгаа.
Түүнчлэн “Улиастай-ТЭЦ 3” чиглэл буюу Ч-32
чиглэлийг мөн хоёр хувааж, Офицеруудын ордноос хоёр тийш явуулж байна. Ч-69 буюу “Зунжин-ТЭЦ 3”
чиглэлийн автобус Ард кинотеатрын буудлаас хоёр тийш богино эргэлтээр зорчиж
байна. Энэ хоёр чиглэл нь өдрийн турш, харин Ч-1 чиглэл нь ажил тарах 17.00 цагаас богино эргэлтэд орж байгаа.
Нэг тээврийн хэрэгсэл урт зам туулан үйлчилгээ үзүүлэхэд аль
нэг зам дээр түгжрэх магадлал их, түгжирснээс болж буудал дээр зорчигч олноор цуглан удаан хүлээдэг. Хүлээхийн хэрээр зорчигч автобусандаа
багтахгүй үлдэх тохиолдол ч бий. Богино
эргэлт зохион байгуулснаар бага
хүлээж, зорчиж буй тээврийн хэрэгслийн тоо, эргэлт олширсон сайн талтай.
-Богино эргэлтийн автобусны хуваарилалтыг яаж гаргадаг вэ?
Богино эргэлтийг аль чиглэлд, хэдэн цагт явуулахыг Тээвэр төлөвлөлтийн хэлтэс
боловсруулж, шийддэг. Цахим системийн дата мэдээлэл, шугам замд ажиллаж буй авто тээврийн
хяналтын байцаагч, шалгагч нараас мэдээлэл аван анализ хийж төлөвлөдөг.
Хотын нийтийн тээврийн салбарт удирдлагын мэдээлэл цахим систем 2015
оноос хэрэгжсэн. Үүний тусламжтай Улаанбаатар хотын хөдөлгөөнд оролцож буй
нийтийн тээврийн хэрэгслийг бүрэн хянах боломжтой. Энэ өглөөний байдлаар нийслэлд нийт 718
нийтийн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байгаа бол хөдөлгөөнд оролцоогүй 273 нийтийн тээврийн хэрэгсэл
байгааг системээс харж байх жишээтэй. Тухайн тээврийн хэрэгсэл хаана яваа, зогсоолдоо
зогсож байгаа эсэхийг ч систем
нарийн мэдээлдэг. Энэ системээс мэдээлэл авч, анализ хийн, зорчих төлөвлөгөө
боловсруулан, цаашдын зорилго
зорилтоо ч тодорхойлдог.
-Шөнийн тээвэр, уртасгасан цагийн автобусны үйлчилгээг аль чиглэлд явуулж байна
вэ?
2021 оны 9 дүгээр
сараас зарим чиглэлд өглөөний 5.30
цагаас шөнийн 24.30 хүртэл
нийтийн тээврийн уртасгасан цагийн автобус явуулж байгаа. Одоогоор Т-2,
Т-5, Ч-7 чиглэлд уртасгасан цагаар үйлчилж байна. Уртасгасан цагийн үйлчилгээг
нэвтрүүлсэнд зорчигчид таатай
сэтгэгдэлтэй байгаагаа илэрхийлж байна. Ч-7 буюу “Нисэх-Ард кино
театр”-ын чиглэлд гэхэд 22 тээврийн хэрэгсэл уртасгасан цагаар үйлчилж байгаа.
Автобус хоорондын хүлээлт ажлын өдөр
5 минут, амралтын өдрүүдэд 8 минутын зайтай зорчиж байна. Энэ чиглэлийн нийт эргэлтийн урт
34.5 км байдаг.
-Оюутан, сурагчдын амралт эхэлснээр зорчигчдын хөдөлгөөн багассан уу?
Өөрчлөлт орж байгаа. ЕБС, их дээд сургуулийн хичээл эхэлмэгц
ачаалал нэмэгддэг бол амралтын хугацаанд хөдөлгөөн харьцангуй багасдаг. Энэ нь
зөвхөн нийтийн тээврийн үйлчилгээнд төдийгүй замын хөдөлгөөнд ч анзаарагддаг. Одоогоор Улаанбаатар хотын нийтийн тээврийн
салбарт өдөрт 97 чиглэлд 972 автобус үйлчилж байна. ЕБС, их дээд сургуулиуд
хичээллэж байх үед нийтийн тээврийн бүх хэрэгсэл 500 гаруй мянган удаа
зорчдог бол одоо 420 гаруй мянга болж цөөрсөн байх жишээтэй.