Тоглоомын салбарын зах зээлийн хэмжээ 175 тэрбум ам.долларт хүрчээ

ДЭЛХИЙД | Эдийн Засаг
Jargal.d@montsame.mn
2022-01-20 11:29:55

МОСКВА. /TASS/. Өнгөрсөн онд өөрсдийгөө “геймер” буюу видео тоглоомчин гэж тодорхойлсон хүний тоо 3 тэрбумд хүрсэн бол зах зээлийн хэмжээ нь 175 тэрбум ам.доллар болсон нь дээд үзүүлэлт боллоо гэж “BCG”  (Boston Consulting Group) олон улсын зөвлөх компанийн судалгаанд дурджээ.


Тоглоомын контентын хэрэглээгээр эхний тавд ОХУ, Хятад, АНУ, Өмнөд Солонгос болон Япон улс орсон байна.  


“BCG” компанийн шинжээч Дэвид Панхансын онцолж буйгаар, одоо дэлхийн хэмжээнд соёл, санхүүгийн хүчтэй нөлөө үзүүлэх чухал шинэ зах зээл бий болж байгаа гэнэ. Өмнө нь дуу хөгжим, кино урлаг, шинжлэх ухаан болон бусад салбарт гарсан амжилтаар улс орны дүр төрх, нэр хүнд бүрэлдэж байсан бол өнөөдөр тоглоомын талбарт тэмцэл өрнөж байна.


"Дэлхийн хэмжээнд соёл, санхүүгийн нөлөөг улам бүр үзүүлэх чухал шинэ зах зээл гарч ирж байгааг бид харж байна. Хэдэн жилийн өмнө бид дуу хөгжим, кино урлагийн үүрэг ролийн талаар ярьдаг байсан бол өнөөдөр хэрэглэгчийн зүрх сэтгэл, оюун ухааны төлөөх тулаан тоглоомын орон зайд өрнөж байна. Тоглоом, цахим спортын салбарт нэр хүндийг олж авах нь тухайн улс шинжлэх ухаан, спортын салбарт тэргүүн эгнээнд байхаас илүүтэй чухал болж магадгүй бол томоохон компаниудын хувьд  шинэ хөрөнгө оруулалтыг бий болгож байна” гэж Панханс ярилаа.


Видео тоглоомын компаниудад оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ 2018 онд 5.8 тэрбум ам.доллар байсан бол 2020 онд энэ тоо дөрөв дахин нэмэгдэж, 33 тэрбум ам.долларт хүрсэн байна. Судалгаанд онцолсноор, “League of Legend”, “Final Fantasy”, “Fornite”, FIFA-гийн цувралууд, “Dota-2”, “The Witch”-ийн гуравдугаар хэсэг, “Unchartered” болон бусад тоглоом салбарын хамгийн алдартай тоглоомууд болжээ.


Зөвлөх үйлчилгээ үзүүлэгч олон улсын "Boston Consulting Group" (BCG) компани нь 1963 онд байгуулагджээ. Тус компани нь дэлхийн 50 гаруй хотод 90 гаруй салбартай бөгөөд “McKinsey”, “Bain & Company” компаниудын хамтаар "менежментийн зөвлөх гурван том компанид" тооцогддог байна.


Холбоотой мэдээ