Тонгад галт уул дэлбэрсний улмаас хоёр хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2022-01-18 15:44:09

СИДНЕЙ. /TASS/. Нийслэл хотоос нь 65 км-ийн зайд усан доор орших Хунга-Тонга-Хунга-Хаапай хэмээх галт уул дэлбэрсний улмаас Тонгагийн хаант улсад наад зах нь хоёр хүн амиа алджээ.


Энэ тухай Шинэ Зеландын олон нийтийн телевизээр тус улсын Гадаад хэргийн яамны мэдэгдлээс эш татан мэдээлсэн байна.


Арлын улсын нийслэл Нукуалофа хотыг галт уулын үнс нурам, цунамигийн улмаас эвдэрч сүйдсэн барилгын нурангиас цэвэрлэх үед амиа алдсан хоёр хүний цогцос олджээ. Гамшгийн анхны хохирогч нь Анжела Гловер гэх Их Британийн иргэн байсан бөгөөд ар гэрийнхнийх нь мэдээлснээр, тэрбээр цунами дэгдэх үеэр амьтны асрамжийн газрын амьтдыг аврах гэж байгаад амиа алджээ.  Хоёр дахь хүний хэн болохыг нь тогтоож байгаа аж.


Нэгдүгээр сарын 16-нд Шинэ Зеландын эрх баригчид гамшигт нэрвэгдсэн Тонгагийн хаант улсад туслах зорилгоор 500 мянган шинэ зеланд доллар (340 мянга гаруй ам.доллар) гаргахаа мэдэгдсэн боловч мягмар гарагт энэ хэмжээг 1 сая шинэ зеланд доллар болгон нэмэгдүүлжээ.


Хунга-Тонга-Хунга-Хаапай галт уулын дэлбэрэлт нэгдүгээр сарын 14-нд эхэлжээ. Нэгдүгээр 15-нд болсон хүчтэй дэлбэрэлтээс улмаас үүссэн хэд хэдэн жижиг цунамид Тонгагийн хойд эрэгт орших нийслэл, мөн баруун хэсэгт байх рашаан сувиллын газрууд, суурингууд ихээхэн сүйдсэн байна.


Одоогийн байдлаар бүлэг арлын ихэнх арлууд үнсэнд дарагдсан байгаа бөгөөд нутгийн иргэдийн амь нас, эрүүл мэндэд ноцтой аюул учруулж байна. Түүнчлэн усан доорх кабель гэмтсэний улмаас тус улс гадаад ертөнцтэй бүрэн холбогдож чадахгүй байгаа аж. Бүлэг арлын төв хэсэгт орших хоёр жижиг арал дээр 100 гаруй хүний хувь заяа тодорхойгүй хэвээр байна гэж тус улсын эрх баригчид мэдээлжээ.


Холбоотой мэдээ