Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2022-01-17 15:53:02
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. 


Төслүүдийн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан танилцуулсан. УИХ-аас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд энэхүү нэмэлт, өөрчлөлтөөр Монгол Улсын Үндсэн хуулийн зургадугаар зүйлийн хоёр дахь хэсэгт "... Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй ...” гэж хуульчилсан. 


Хуулийн төслүүдэд дараах нэмэлт, өөрчлөлтийг оруулан боловсруулжээ. Үүнд:


Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйл буюу Байгаль орчныг хамгаалах талаарх иргэний эрх, үүрэг гэсэн хэсэгт “тухайн нутаг дэвсгэрийн хүрээнд газрын хэвлийн баялгийн ашиглалтын нөхцөл байдал, байгаль орчинд үзүүлж байгаа нөлөөлөл, нөхөн сэргээлт болон эрх бүхий байгууллагаас хяналтын чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдэх” эрхийг хангасан заалт, хуулийн 16,17 дугаар зүйлд заасан аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Засаг даргын бүрэн эрх гэсэн хэсэгт “харьяа нутаг дэвсгэрийн хүрээнд газрын хэвлийн баялгийг ашиглалтын нөхцөл байдал, байгаль орчинд үзүүлж байгаа нөлөөлөл, нөхөн сэргээлт болон хяналтын чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар иргэдэд нээлттэй мэдээлэх, байгаль орчны төлөв байдлын мэдээлэлд тусгаж, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнах.” гэсэн үүрэгжүүлсэн заалтыг нэмсэн гэдгийг төслийн танилцуулгад  тус тус дурдсан байлаа. 


Мөн хуулийн төслийн үзэл баримтлалын дагуу Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байгаатай холбогдуулан Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд дараах  нэмэлт, өөрчлөлтийг оруулахаар боловсруулжээ. Үүнд: 


-хуулийн 14 дүгээр зүйл буюу Төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгчийн үүрэг гэсэн хэсэгт “иргэний хүсэлтийн дагуу өөрийн үйл ажиллагаатай холбоотой газрын хэвлийн баялгийг ашиглалтын нөхцөл байдал, байгаль орчинд үзүүлж байгаа нөлөөлөл, нөхөн сэргээлтийн явц, үр дүнгийн талаарх мэдээлэл өгөх, эсхүл танилцах боломжоор хангах үүрэгтэй.”; 


-хуулийн 18 дугаар зүйл буюу Нөлөөллийн үнэлгээний үйл ажиллагааны олон нийтийн оролцоо гэсэн хэсэгт “18.5.Иргэн тухайн нутаг дэвсгэрийн хүрээнд газрын хэвлийн баялгийн ашиглалтын нөхцөл байдал, байгаль орчинд үзүүлж байгаа нөлөөлөл, нөхөн сэргээлт болон төрийн эрх бүхий байгууллагаас хяналтын чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл авах хүсэлтийг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад гаргана.”;


-“18.6.3асаг дарга иргэний энэ хуулийн 18.5-д заасан хүсэлтийн дагуу холбогдох мэдээллийг Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 14.8-д заасан хугацаанд гаргаж өгөх үүрэгтэй.”;


-“18.7.Иргэн үйл ажиллагаатай нь холбогдуулан газрын хэвлийн баялгийн ашиглалтын нөхцөл байдал, байгаль орчинд үзүүлж байгаа нөлөөлөл, нөхөн сэргээлтийн талаарх мэдээлэл авах, танилцах боломж олгох хүсэлтийг төсөл хэрэгжүүлэгчид гаргаж болно.” гэсэн заалтуудыг тус тус нэмж, Монгол Улсын Үндсэн Хуулийн нэмэлт, өөрчлөлттэй нийцүүлсэн гэж танилцуулгад дурдсан байв.


Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Б.Саранчимэг, Ц.Сандаг-Очир, Т.Энхтүвшин нар асуулт асууж, хариулт авсны дараа гишүүд төслийн талаар үг хэлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун хуулийн төсөлд “иргэний хүсэлтийн дагуу өөрийн үйл ажиллагаатай холбоотой газрын хэвлийн баялгийг ашиглалтын нөхцөл байдал, байгаль орчинд үзүүлж байгаа нөлөөлөл, нөхөн сэргээлтийн явц, үр дүнгийн талаарх мэдээлэл өгөх, эсхүл танилцах боломжоор хангах үүрэгтэй” гэж тодотгож оруулсныг дэмжиж байна. Учир нь  зүүн хил дээр уул уурхайн олборлолт явуулж байгаа “Миланж” компани иргэд байтугай хэвлэл мэдээлдийнхнийг нэвтрүүлэхгүй байна. Тус компани хууль бус үйл ажиллагаа явуулж байна гэсэн иргэдийн мэдээллийн дагуу газар дээр очиж ажилласнаа дурдаад энэ талаар салбарын яам, МХЕГ хамтраад ойрын хугацаанд хамтарч хуулийн хэрэгжилтийн талаар хяналт шалгалт явуулах тухай албан бичиг хүргүүлэхээ мэдэгдээд, хяналты шалгалт хийсэн талаарх хариуг ирүүлэхийг онцгойлон анхааруулсан.


Ингээд хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Саранчимэг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Холбоотой мэдээ