Агаарын бохирдлыг багасгах олон улсын төсөл хөтөлбөрийн хүртээмжийг нэмнэ

Монголын мэдээ | Байгаль орчин
oyundelger@montsame.gov.mn
2022-01-17 08:04:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖЯ-наас агаар орчны бохирдлыг багасгах чиглэлээр олон улсын санхүүжилтээр хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн үр дүнд үнэлэх ажлыг зохион байгуулж байна.


Энэ хүрээнд БОАЖ-ын сайд Н.Уртнасан, Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Аксель Никэйз нар Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд ажиллав. Европын холбооноос 2018-2021 онд 2.1 сая еврогийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн “Дулаан шийдэл төсөл нь” гэр байшингийн дулаан алдалтыг багасгах, дэвшилтэт технологийг айл өрхүүдэд нэвтрүүлэн, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих давуу талтай.


Төслийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 16 хорооны иргэн Б.Эрдэнэбилэгийн 8:10 метр харьцаатай байшингийн бүрэн дулаалгыг шийдвэрлэхэд 8 сая гаруй төгрөг зарцуулсан байна. Ингэснээр түлшний хэрэглээ өмнөхөөс 50-60 хувиар багасаж, эдийн засгийн хэмнэлттэй, ая тухтай амьдарч байгааг гэрийн эзэгтэй ярьжээ.


Цаашид төслийн үр дүнг нэмэх, ард иргэдэд хүртээмжтэй байх чиглэлээр салбарын сайд анхаарахаа онцлов. Айл өрхийн гэр байшингийн дулаан алдалтыг багасгаж эрчим хүчний зарцуулалтыг 70 хүртэл хувиар багасгах төслийг үргэлжлүүлэх тухай хэлэлцэж, Европын холбооноос 2 сая гаруй еврогийн санхүүжилтийг шийдвэрлэн, хамтран ажиллахаар боллоо.


Манай улсад барьсан байшин сууцыг ханын материалын хувьд 4 төрөлд ангилж, тухайлан зориулсан 5 янзын материалаас бүрдсэн 2 төрлийн дулаалгын шийдлийг иргэдэд санал болгодог аж. Төслийн баг үндэсний үйлдвэрлэл, барилгын материалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 10 гаруй байгууллагатай хамтран ажиллаж байна.


Мянган өрхийн дулаалгыг ямар нэг хэлбэрээр шийдэн, дулаан алдалгүй болгосноор нийслэлд 3000 тонн нүүрсхүчлийн хийг бууруулж, түлшний хэрэглээг 800 тонноор багасгана гэдгийг БОАЖЯ мэдээлэв.

Холбоотой мэдээ