З.Цэнгэлсайхан: Мартагдахад хүрч байсан соёлын өвийг үндэсний хэмжээнд сэргээн хөгжүүлэхээр зүтгэж явна

ОРОН НУТАГТ | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2022-01-16 22:51:26

Баянхонгор /МОНЦАМЭ/Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, Уран хатгамалч Задийн Цэнгэлсайхантай төрөлх нутаг Баянхонгортоо ирээд байхад нь уулзаж ярилцлаа. Тэрээр 1956 онд Баянхонгор аймгийн Баянцагаан суманд төрсөн, хүүхдийн их эмч, чих хамар хоолойн эмчийн мэргэжилтэй, Анагаах ухааны болон Төрийн удирдлагын магистр, Төрийн захиргааны эрхэлсэн түшмэлийн тэргүүн зэрэгтэй. 2019 онд Монгол Улсын үндэсний шилдэг билэг авьяаст өвлөн уламжлагчийн жагсаалтад бүртгэгдсэн, Уран хатгамалч цолтой, 2018 онд “Нүүдэлчин Монгол” Соёлын биет бус өвийн их наадмаас “Хамгийн олон шавь сургасан өвлөн уламжлагч”-аар өргөмжлөгдсөн, 10 мянга гаруй шавьтай уран бүтээлч.

 

-Ажил амьдралын гараагаа эхэлж байсан үеэс тань яриагаа эхэлье?

-1980 онд АУДС-ийг төгсөөд Эрүүлийг хамгаалах яамны томилолтоор Дархан хотод очиж, Хүүхдийн эмнэлэгт 1990 он хүртэл их эмч, тасгийн эрхлэгч, эмнэлэг эрхэлсэн орлогч, чих хамар хоолойн эмчээр, 1992-1993 онд аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ерөнхий эмчээр ажилласан. 1990 онд Дархан хотын Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга, Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхий зөвлөлийн гишүүнээр сонгогдож, улмаар Дарханы Эмэгтэйчүүдийн зөвлөл, холбооны даргаар 23 жил, МЭХ-ны Ерөнхий зөвлөлийн гишүүнээр 32, Удирдах зөвлөлийн гишүүнээр 7 жил ажиллалаа.

1994-2000 онд  Дархан-Уул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, 2000-2001 онд аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга, 2001-2006 онд аймгийн ЗДТГ-ын дарга бөгөөд Ерөнхий менежер, Төрийн албаны салбар зөвлөлийн дарга, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргаар тус тус хавсран ажилласан. 1990 онд Дархан хотын Ардын хурлын депутат, тэргүүлэгчээр, 1994,1996, 2000, 2004 онд Дархан-Уул аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчээр тус тус сонгогдон тасралтгүй 18 жил ажиллаж, Монголын Нутгийн Удирдлагын холбоог үүсгэн байгуулагчдын нэг гэдгээрээ бахархаж явдаг.  


-Нийгэм, улс төрийн идэвхтэй хүн хэдий үеэс уран хатгамалтай “холбогдсон” хэрэг вэ?

-Монгол үндэсний уламжлалт уран хатгамал, зээгт наамал, зоос ширээний урлал, эсгий урлалыг судлан гадаад, дотоодод сурталчлах, хөгжүүлэх, өвлүүлэн уламжлуулах, урлаачдыг дэмжин хөгжүүлэх, уран бүтээл туурвих чиглэлээр 1997 оноос өдгөө хүртэл 35 жил тууштай зорилготой ажиллаж байна. Он жилийн уртад мартагдахад хүрч байсан дээрх соёлын өвүүдийг үндэсний хэмжээнд сэргээн хөгжүүлэхэд хэр чадлаараа зүтгэж явна. Одоо Чингис хаан музейн үзмэр бэлтгэх ажлын хэсгийн гишүүн, монгол уран хатгамлыг ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний биет бус соёлын өвийн төлөөллийн жагсаалтад бүртгүүлэх ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байна. 

2005 онд Монголын уран хатгамалчдыг дэмжих “Эгнэшгүй санаа” төв НҮТББ-ыг өөрөө санаачлан байгуулан тэргүүнээр нь ажиллаж байна. Уран бүтээлч хүний хувьд иргэд олон нийтэд төрөө дээдлэх, эх оронч үзлийг төлөвшүүлэх, төрийн бодлого шийдвэрийн хэрэгжилтийг дэмжих ажлыг Монгол үндэсний уран хатгамлын урлалыг хөгжүүлэхтэй хамтатган зохион байгуулах зорилготой холбоо.

Монгол Улсын Засгийн газраас санаачлан хэрэгжүүлсэн хүүхдийн “Авьяас” хөтөлбөрийг орон нутагтаа хэрэгжүүлэхэд төсөл боловсруулан аймгийн Засаг дарга, БСГ-т танилцуулж дэмжлэг авснаар 2013 онд ЕБС-ийн хүүхдүүдийн дунд анх удаа уран хатгамлын үзэсгэлэн уралдаан, олимпиад зохион байгуулж байсан. 2019 онд Монголын хүүхдийн урлан бүтээх төвд нээсэн уламжлалт уран хатгамлын ангийг иж бүрэн тохижуулж өгсөн.


-Сургалтын ажлыг давхар зохион байгуулдаг байх нь?

-1990 оноос эхлэн өөрийн хувийн сонирхолдоо тулгуурлан улсын хэмжээнд монгол эмэгтэй хүн бүр хатгамалтай эдлэл хийдэг байсан уламжлалыг сэргээн хөгжүүлэхээр ажилласан. Уран хатгамлын зүү ороох болон загасан нуруу хатгах хатгамал, уламжлалт аргаар хөөргийн даалин урлах урлалыг 1990 оноос өнөөг хүртэлх хугацаанд 10 мянга гаруй, зоосон ширээний урлалыг 150 гаруй, монгол хувцасны оёдол эсгүүрийг 100 гаруй эмэгтэйд өвлүүлэн зааж сургасан. Мөн үндэсний хээ угалзаар зүү ороож чимэглэсэн орчин үеийн өргөн хэрэглээний 40 гаруй нэрийн бүтээгдэхүүний шинэ загвар зохион бүтээж, 30-аад төрөлд нь Оюуны өмчийн патент, зохиогчийн эрхийн гэрчилгээ авч, үйлдвэрлэлд нэвтрүүлэн олон хүний орлогыг нь нэмэгдүүлэхэд туслан хамтран ажиллаж байна.


-Уран хатгамлыг анх хэнээр заалган сурч байсан бэ?

-Сургуульд ороогүй байхдаа авга эгчийнхээ оёж байгааг харж, технологийг мэдэж авсан. Сүүлд 1981 онд найз Д.Үзмээгээр эхлэлийг нь заалгаж, цааш өөрөө оролдсоор байгаад л сурсан даа.

 

-Онцлох бүтээлээсээ дурдвал?

-"Мини эх орон мөнхөд мандан бадраг" сэдэвт 9 цуврал бүтээлд Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа болсон Улсын нэр, Төрийн дуулал, Туг, Далбаа, Сүлд, Тамга, төрийн 7 эрдэнэ, газар нутагт, Монгол бичгийн бичээсүүд зэргийг багтаагаад түмэн насан хээ, дөрвөн хүчтэнээр хашиж зохиомжлон хатгасан 105х135 см хэмжээтэй хоёр бүтээлийг 2010-2012 онд бүтээсэн нь урьд бүтээж байгаагүй онцлох бүтээл болсон гэж боддог.

 



-Ингэхэд үр хүүхдүүдээс тань гарын уртай нь хэчнээн байгаа бол?

-Охид маань хоёулаа гоё хатгана. Том охин С.Ганцэцэг маань Монгол Улсын уран хатгамалч цолтой, Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн уламжлалт уран хатгамлын багш, зээ охин Э.Мишээл бас гоё хатгана. С.Гантүлхүүр хүү, ач зээ  нар бүгд зоос ширээний сүлжмэл сурсан, сайн хийдэг.

 

-Бүтээлээ туурвих их ажлынхаа хажуугаар чадвар чансаагаа сориход нэлээн анхаардаг шиг санагдсан.

-2008 оноос Монголын уламжлалт соёлын биет бус өв болох зоос ширээний сүлжмэлийн урлалыг сурч, олон хүнд зааж сурган, 5 төрлийн шинэ арга зүй боловсруулан урлалдаа нэвтрүүлж, зохиогчийн эрх авсан. Зохион бүтээсэн загварууд, хийсэн бүтээлүүд маань олон үзэсгэлэн худалдаа, уралдаанд орж, олон шагнал хүртсэн. Тухайлбал, 2001 онд “Гар урлал 2001” үзэсгэлэн худалдаанд шалгарч, Япон улсад болсон “Made in Mongolia үзэсгэлэн худалдаанд оролцох эрх, 2005 онд НҮБ-аас Монголд зарласан Дэлхийн бичил бизнес эрхлэгчдийн шагнал хөтөлбөрйн уралдаанд шалгарч, “Экспортлох боломж ихтэй бүтээгдэхүүн” номинацын Тэргүүн байр, Гар урлалын брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааны 3 удаагийн батламж, Цагаан сар үзэсгэлэн худалдааны Манлай бүтээгдэхүүний 5 удаагийн шагнал, Уран хатгамалчдын улсын уралдааны 2 дугаар байр, 2001 онд болсон “Ардын урлагийн их наадам”-аас Хүрэл од медаль, 2018 онд болсон “Соёлын биет бус өвийн наадам”-аас Хамгийн олон шавь сургасан Өвлөн уламжлагчаар шалгарч байлаа.

 

-Таны хамгийн их цаг хугацааг зарцуулж бүтээсэн, бас хамгийн өндөр үнэтэй бүтээл гэвэл юуг нэрлэх бол?

-Хүндэтгэлийн даалин, “Миний эх орон Мөнхөд мандан бадраг” нэртэй хоёр том бүтээлээ 2-3 жил зарцуулж хийсэн, бас хамгийн үнэтэй нь. Цагаан шүхэрт бурхан бас үнэтэй бүтээл.

 

-Холбоогоороо дамжуулж ямар ажлуудыг хийж хэрэгжүүлж байна вэ?

-2005, 2010, 2018 онд өөрийн санаачилгаар БСШУЯ, Соёлын өвийн төв болон бусад мэргэжлийн болон ТББ-уудтай хамтран Уран хатгамалчдын 1, 2, 3 дугаар уралдааныг Дархан, Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулсан. Уран хатгамлын талаар дагнан хэвлэгдэж гарсан ном, гарын авлага бараг байхгүй байгааг харгалзан Монгол Улсын хэмжээнд ажиллаж буй музейнүүдэд хадгалагдаж буй уран хатгамлын ховор нандин бөгөөд хосгүй үнэт бүтээлүүд, зарим гадаад орны хатгамлын гайхамшигт бүтээлүүдээс бүрдсэн “Уран хатгамал” нэртэй анхны өнгөт альбом номыг эмхтгэн 2005, 2013 онд 2 удаа хэвлүүлж олны хүртээл болгосон. Мөн 2016 онд “Уран хатгамлын гайхамшиг” ном, “Урлах эрдмээс суралцаарай” нэртэй гарын авлага ном тус тус хэвлүүлэн бүх аймаг, сумдын Эмэгтэйчүүдийн зөвлөлд сургалтын гарын авлага болгон олгож байлаа. 2021 онд “Урлах эрдмээс суралцаарай 2” гарын авлагыг дахин баяжуулан хэвлүүлээд байна.

 

-Холбоо харилцаагаа өргөжүүлж, хөгжүүлэх тал дээр хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

-БСШУЯ, Соёлын өвийн үндэсний төвийн санал болгосноор урчуудын баг бүрдүүлж, 2015, 2017 онд Энэтхэг, 2017, 2018 онд Унгар улсад олон улсын урлагийн наадмуудад улсаа төлөөлж анхдагчаар оролцсон. Мөн өөрийн санаачилгаар Япон, Солонгос, АНУ, БНХАУ, Грек улсад үзэсгэлэнд оролцож байлаа. 2005 онд Монголын уран хатгамалчдыг дэмжих “Эгнэшгүй санаа” төв ТББ-ыг байгуулаад, АНУ, Япон, Өмнөд Солонгосын уран хатгамалчдын байгууллагуудтай харилцаа, хамтын ажиллагаа тогтооосон. Монголын уран хатгамалчдаас 5 хүнийг АНУ-ын уран хатгамалчдын байгууллага /EGA USA/-ын гишүүн болгож, дэмжин ажиллаж байна.

Монгол бүсгүйн уран ухаанаар бүтээсэн уламжлалт соёлын өвүүдийн нэг болох Зүү ороох болон Загасан нуруу хатгах хатгамлыг дэлхийн хүн төрөлхтний биет бус соёлын өвийн ЮНЕСКО-гийн жагсаалтад нэр дэвшүүлэх ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж, 2010 онд холбогдох баримт бичгийг боловсруулан, баримтат кино бүтээж, ЮНЕСКО-д хүргүүлсэн. Мөн Соёлын өвийн төвийн захиалгаар уламжлалт уран хатгамлын урлал нь Монгол хатан ухаан, эмэгтэй хүний торгон мэдрэмж, мяндсан ухааныг төрүүлэгч гол хүчин зүйл болох тухай 2 дахь баримтат кино бүтээж сурталчилсан.

Япон улсад 2005 онд, БСШУЯ болон Соёлын өвийн төвийн хүсэлтээр Энэтхэг улсад 2015, 2017 онд, Унгар улсад зохиогддог олон улсын урлагийн  их наадамд 2017, 2018 онд Монгол Улсаа төлөөлөн оролцож, монгол гар урлалыг сурталчилж байлаа.

 

-Таны бүтээлээр марк хийсэн гэж дуулсан юм байна?

-2020 онд Монгол-Сингапур улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулан талууд хоёр орны үнэт өв, соёлын нэгэн төрөл болох уламжлалт уран хатгамлын бүтээлээр хамтарсан марк гаргасан. Монгол Улсаас миний урласан торгон материал дээр бэлгэдэл зүйн хувьд хамгийн дээд бэлгэдлийг илтгэх дүрслэл болох бүтэн өлзий хээ, бусад угалзуудыг үндэснийхээ гайхамшигт соёлын биет бус өв болох зүү ороох хатгамлаар хатгаж, зоос ширээний сүлжмэлээр давхар чимэглэсэн Аяганы уут сонгогдож, зураг нь марк болж хэвлэгдсэн.

-Ярилцсанд баярлалаа.


Ардын хувьсгал, МАН-ын 100 жилийн ойд зориулан “Миний эх орон мөнхөд мандан бадраг” сэдэвт цуврал бүтээлийнхээ үргэлжлэл болгон урласан “Монгол Төрийн сүлдний цомог” хатгамал бүтээл 2018-2021 он


Зөвхөн зүү ороох хатгамлаар дагнан урлаж, энэ оёдлоор ямар ч нарийн дүрс зургийг урлаж болохыг харуулсан  “Цагаан шүхэрт” бурхан бүтээл  /Хатгамлын хэмжээ  20х25 см, Зохиогчийн эрхтэй / 2018 он


Уламжлалт технологиор  2-64 утсаар сүлжсэн загвар


Шинэ аргачлал зохион сүлжиж, зохиогчийн эрх авсан, 3-5 дагнаасаар болон дунд нь хээ гарган сүлжсэн сүлжмэлийн загвар бүтээл 

Монгол үндэсний Зоос ширээний сүлжмэлийн Соёлын биет бус өвийн “Уламжлал - шинэчлэл” 2019-2021 он 


Монголын Төр, шашны хэргийг хослон барьж, тухайн үеийн төрийн тэргүүн байсан  8 дугаар Богд хааны хөөргийн даалинг 16 дахин томруулж,  Монгол Улс мөнх орших, үеийн үед өөдлөн хөгжиж, мандан бадарч, хүн ард нь амар амгалан, аз жаргалаар бялхан байх төгс бэлгэдэл, ерөөл шингээж,  5-9 дагнаасаар зүү ороож, 3 янзын загасан нуруу хатгаж, зоос ширээний 8-40 утасны 3 давхар сүлжмэлээр чимэглэн, олон шинэ амжилтуудыг тогтоож урласан   “ХҮНДЭТГЭЛИЙН ДААЛИН”. Зохиогчийн эрхтэй.  225 х 85 см.  2017-2019 он

 

Уламжлалт загвараар урласан эдлэл                

Зоос ширээний сүлжмэлээр урласан даалин


 


Холбоотой мэдээ