Эмэгтэй энхийг сахиулагчдын тоогоор 26 дугаар байрт эрэмбэлэгдэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
oyundelger@montsame.gov.mn
2022-01-13 15:57:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол цэрэг НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ой энэ онд тохиож байна.


Монгол Улс НҮБ-д цэрэг хандивлагч орнуудаас эмэгтэй энхийг сахиулагчдын тоогоор 26 дугаар байрт эрэмбэлэгддэг. Одоогоор 800 гаруй цэргийн алба хаагч энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байна. Өнгөрсөн 20 жилд 13 мянга гаруй цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгээд байгааг ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, бригадын генерал С.Ганбямба штабынхаа өнгөрсөн оны үйл ажиллагааг хэвлэлийнхэнд танилцуулах уулзалтын үеэр тодотгов.


Тэрбээр, өнгөрсөн он батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байгуулагдсаны 110, орчин цагийн Зэвсэгт хүчнийг үүсгэн байгуулсны 100 жилийн ой тохиосон түүхэн цаг үе байсныг дурдаад, ЗХЖШ өнгөрсөн онд төмөр зам, авто замын томоохон төсөл, ургац хураалт гээд улс орны бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж, зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнд Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон хүртээснийг онцоллоо.


Энэ үеэр Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Б.Боргилмаа “Улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдалд нь салбар хоорондын уялдаа холбоо чухал үүрэгтэй тул хамтын ажиллагааг сайжруулахад анхаарна. Гэхдээ хэвлэл мэдээллийн байгууллага хэвлэн нийтлэх эрх чөлөөнийхөө хүрээнд ажиллана” хэмээв.


Монгол Улсын ЗХЖШ нь 2021 онд ОХУ-ын “Запад-21” сургалтад 40 гаруй, БНХАУ-ын “Хамтын хувь заяа” сургалтад 30 байлдагчаа оролцуулан, АНУ, ОХУ, Япон, Герман улстай хамтран сургуулилт зохион байгуулжээ. Мөн олон улсын цэргийн наадамд оролцож, ОХУ-д болсон морин цэргийн уралдаанд хоёрдугаар байр эзэлсэн аж. 

Холбоотой мэдээ