Канадад вакцин тариулаагүй хүмүүст татвар ногдуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2022-01-13 13:07:18

КВЕБЕК. /CBC/. Канадын Квебек мужийн эрх баригчид дархлаажуулалтын эсрэг заалтгүй ч “COVID-19”-ийн вакцин хийлгэхээс татгалзаж байгаа хүмүүст татвар ногдуулахаар болжээ.


“Вакцин бол вирустэй тэмцэх гол хэрэгсэл юм. Тиймээс бид эмнэлгийн бус шалтгаанаар вакцин хийлгэхээс татгалзсан насанд хүрэгчдэд зориулж "эрүүл мэндийн татвар" ногдуулахаар төлөвлөж байна" гэж мужийн захирагч Франсуа Лего мэдэгдсэн байна.


Түүний хэлснээр, энэхүү “эрүүл мэндийн татварыг” ойрын хэдэн долоо хоногт коронавирусний вакцины эхний тунг хийлгээгүй хүмүүс төлөх аж.


Шинэ татварыг яг хэзээнээс нэвтрүүлэх, хэдий хэмжээтэй байхыг мужийн захирагч тодорхой хэлээгүй байна. Түүний үзэж буйгаар энэ татвар нь 100 ам.доллароос илүү байх ёстой. "Эдгээр хүмүүс манай эрүүл мэндийн тогтолцоонд маш их ачааллыг бий болгож байна" гэж мужийн захирагч хэлжээ.  


Одоогийн байдлаар Квебек мужийн оршин суугчдын 10 орчим хувь нь вакцины эхний тунг хийлгээгүй байна. Үүний зэрэгцээ “COVID-19”-ийн өвчтөнүүдэд зориулагдсан эмнэлгийн бүх орны тэн хагасыг вакцинд хамрагдаагүй хүмүүс эзэлж байгаа аж.


Холбоотой мэдээ