Монгол Улс коронавирусний 2.8 сая тун вакцины нөөцтэй

Монголын мэдээ | Тодруулга
ariunbold@montsame.mn
2022-01-10 19:18:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын онцгой комисс өнөөдөр хуралдаж, өрхийн эмчилгээг сайжруулахыг холбогдох албаныханд үүрэг болгожээ. Уг шийдвэрийг УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү өнөөдөр хэвлэлийн хурал хийж танилцуулав. Энэ үеэр тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулав.


-Монгол Улсад вакцины нөөц ямар байна вэ?

-Монгол Улсад вакцины хангалттай олон цэг ажиллаж байгаа. Тухайлбал, иргэдийн олноор үйлчлүүлдэг худалдааны төвүүдэд вакцинжуулалтын цэг бий. Одоогоор Файзер болон Синофармын 2.8 сая тун вакцины нөөц байгаа. Бага насны хүүхдийг вакцинжуулах ажлыг судалж байгаа. Цаашдаа бага насны хүүхдэд зориулсан тусгай вакцин худалдаж авах ажил хийж байна.


-Эмнэлгийн ачааллыг хэрхэн зохицуулах вэ?

-Коронавирусний делта давалгааны үед эмнэлгийн ачаалал их нэмэгдсэн бөгөөд өрх, дүүргийн эмнэлэг гол ачааллыг дааж гарсан. Тиймээс бид өмнөх туршлагадаа тулгуурлаад өрхийн эмнэлэгт зохион байгуулалтын ажил хийнэ. Гол нь өвдөөд эдгэрсэн, вакцинд хамрагдсан иргэд хөнгөн өвдөж байгаа гэсэн судалгаа байгаа тул гэрээр эмчлэх бүрэн боломжтой гэж үзэж байгаа.


-Омикроноос үүдэн хөл хорио тогтоох уу?

-Засгийн газар, УОК-оос өнгөрсөн оны тавдугаар сараас хойш хөл хорио тогтоогоогүй. Хөл хорио нь вакцинжуулалт эхлэхээс өмнө хэрэгжүүлж байсан хатуу арга хэмжээ. Хөл хорио нь халдварын тархалтыг бууруулдаг ч иргэдийн амьжиргаа, улс орны эдийн засагт сөрөг нөлөөтэй. Ер нь бол ирэх сарын эхэн үе буюу Сар шинийн баяраар омикроны оргил үе таарч байгаа. Тиймээс төрийн золголтыг цуцлах, төрийн байгууллагууд золголт зохион байгуулахгүй байх зэрэг шийдвэрийг Засгийн газар өмнө нь гаргасан.

Холбоотой мэдээ