"Хөх сувд" мөсний баяр 21 дэх жилдээ болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2022-01-03 12:21:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Хөх сувд" мөсний баяр Хөвсгөл аймгийн Хатгал суманд 3 дугаар сарын 2-5-нд 21 дэх жилдээ болно


Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг гадаад дотоодын олон аялагч жуулчин сонирхон оролцдог Монголын аялал жуулчлалын салбарын хамгийн том бөгөөд ууган үйл ажиллагааны нэг юм. Оролцогч болон сонирхогчид Улаанбаатар-Дархан-Эрдэнэт-Булган- Мөрөн-Хатгал тосгон-Хүй толгой гэсэн маршрутаар нийтдээ 2000 км аялж зорин очдог онцлогтой. Сүүлийн жилүүдэд сонирхогч оролцогчид эрс олширч 15000 хүртэл хүнийг хамарч байгаа бөгөөд баярын үеийн хөтөлбөрүүд агуулгын хувьд баяжин өргөжиж байгаа юм.

 Анх 2000 онд “Далай ээж” хэмээн хүндлэн нэрлэдэг Хөвсгөл нуурыг хамгаалах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газрын байгаль орчны байцаагчаар ажиллаж байсан Ж.Төмөрсүхийн санаачилгаар “Сантын өвөр” гэдэг газар Мөсний баяр хийж арваад чаргатай морины уралдаан болж нутгийн иргэд оролцож байсан. Харин дараа жилээс нь буюу 2001 оноос Мөсний баярын хүрээ тэлсээр өнөөдрийг хүртэл уламжлал болгон тэмдэглэж Монгол Улсад өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгэн чухал ажил болж өргөжин хөгжиж байна.

Мөсний баярын үеэр мөсөн шагайн тэмцээн, унадаг дугуй, тэшүүрийн тэмцээн, мото спортын үзүүлэх тоглолт, нохой чарганы уралдаан, мөсөн дээрх олс таталт, буухиа тэмцээн, “Аав, ээж би” тэмцээн, тахтай хатирч морьдын уралдаан, аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн урлагийн тоглолт, бөөгийн тахилга, зан үйл зэрэг үйл ажиллагаа тогтмол болдог. 

Холбоотой мэдээ