Марокко улс Африкийн Холбоонд дахин нэгдэж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2016-07-18 12:35:45

РАБАТ. /BBC/. Марокко улс Африкийн Холбооноос гарснаас  хойш 32 жилийн дараа дахин тус байгууллагад элсэх хүсэлтэй байгаагаа албан ёсоор илэрхийлжээ.

Руанда улсад болсон Африкийн Холбооны Дээд хэмжээний уулзалтад илгээсэн мэдэгдэлдээ Мароккогийн хаан IV Мухаммед дурдсаныг үзвэл "манай улс Африкийн Холбооны гэр бүлд дахин нэгдэх цаг болсон" гэжээ.

Африкийн Холбоо Баруун Сахарын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсний дараа Марокко улс тус байгууллагыг 1984 онд орхин гарсан билээ. Учир нь, Марокко улс Баруун Сахарыг өөрийн өмнөд муж гэж үздэг аж.

30 гаруй жилийн турш Марокко улс тус байгууллагын бүрэлдэхүүнд орохоос татгалзаж ирсэн юм. Өнгөрсөн 3 дугаар сард энэ маргааны улмаас НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй цэргүүдээ татна гэж тус улс мэдэгдэж байсан ажээ.

Харин одоо Мароккогийн эрх баригчид тус байгууллагаас зайгаа барих нь Баруун Сахарын болон бусад асуудлуудыг дипломат арга замаар шийдвэрлэхэд тус дөхөм болохгүй гэдгийг ойлгосон бололтой гэж "BBC"-ийн Африк дахь сурвалжлагч Жеймс Копналл дүгнэж байна.

Энэ долоо хоногт Руандагийн нийслэл Кигалид болж буй Африк тивийн Дээд хэмжээний уулзалтад Мароккогийн тал тусгай элчээ илгээжээ.

Харин Африкийн Холбоо мэдэгдэхдээ "манай байгууллага нь Баруун Сахарын ард иргэд тусгаар тогтнолын асуудлаар санал асуулга явуулах эрхтэй" гэжээ.

Марокко бол Африкийн Холбоонд нэгдээгүй Африк тивийн цорын ганц улс юм.  

Х.Сарнай

 

 

Холбоотой мэдээ