“Орчин цагийн шинжлэх ухааны 100 жил” сэдэвт марк хэвлэгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2021-12-24 15:54:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллагын 100 жилийн ойд зориулан ШУА, Түүх, угсаатны зүйн хүрээлэн, “Монгол шуудан” ХХК хамтран бүтээсэн “Орчин цагийн шинжлэх ухааны 100 жил” сэдэвт маркийн нээлт өнөөдөр боллоо.

Түүх сөхвөл, Ардын засгийн газрын 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн тогтоолоор “Судар бичгийн хүрээлэн” байгуулагдсанаар Монгол Улсад орчин цагийн Шинжлэх ухааны төв байгууллага бий болжээ.  Хожим нь 1930 онд Шинжлэх ухааны хүрээлэн, 1956 онд Шинжлэх ухааны дээд боловсролын хүрээлэн болгон өргөжин тэлсээр 1961 онд ШУА-ийг  байгуулсан байна.

“Орчин цагийн шинжлэх ухааны 100 жил” сэдэвт блок маркийн гол хэсэгт “Судар бичгийн хүрээлэн”-гийн анхны захирал Онхуд овогтой Жамъян гүн болон ШУА-ийн анхны ерөнхийлөгч Базарын Ширэндэв нарын хөргийг, Судар бичгийн хүрээлэнгийн анхны байрыг дүрсэлжээ. Улмаар блокны чимэглэл хэсэгт “Бичгийн мэргэдийн хүрээлэн” байгуулж, хаадын үнэн тэмдэглэлийг бичүүлж эхэлсэн Хубилай сэцэн хааны хөрөг, байгаль, хүрээлэн буй орчны хоорондын зүй тогтол, орон зай, цаг хугацааны хувьсгал, өөрчлөлт, ашиглалт, хамгаалалт, нөхөн сэргээлт, хөдөө, аж ахуй, газар тариалангийн ололт амжилт, ШУА-ийн лого, хосгүй үнэт олдвор, төрийн түүх болох Монгол улсын түүхийн 5 боть, анхны “Монэл” компьютер, монгол орноос тогтоогдсон хамгийн том махан идэшт Дейнохейрус-“Аймшигт  сарвуу” үлэг гүрвэл, дэлхийн ургамал судлалын шинжлэх ухаанд Д.Банзрагчийн нэрээр бүртгэгдсэн /VU/ үнэлгээтэй “Банзрагчийн Зүлгэлж”, М-222 электрон тооцоолон бодох машин, “Сэлэнгэ” үүлдрийн үхэр, Дархан-144 сорт, нар, салхины цахилгаан үүсгүүр, “Интеркосмос” хөтөлбөр, сансрын хөлөг зэрэг  100 жилийн түүхэн дэх шинжлэх ухааны гол гол ололтыг дүрслэн үзүүлжээ.

Нээлтийн үеэр ШУА-ийн дэд ерөнхийлөгч Г.Чулуунбаатар хэлэхдээ, “Марк бүтээх ажил бол их нарийн чимхлүүр ур ухаан, мэдлэг туршлага ажлын хариуцлага, цаг хугацаа шаардсан хөдөлмөр  байдаг юм байна. “Монгол шуудан” компаниас төлөвлөсөн 2021 онд тохиох бүх 100 жилийн ойд зориулсан цуврал марк бүтээх ажлын төлөвлөгөөнд Монгол Улсын шинжлэх ухааны 100 жилийн марк бүтээх ажил орсонд талархалтай байгаа. Та бүхний санаачилгаар, ШУА-ийн  ерөнхийлөгчөөс өгсөн чиглэлийн дагуу ШУА-ийн Түүх угсаатны зүйн хүрээлэнгийн захирал Ц.Цэрэндоржоор ахлуулсан зөвлөн туслах багийг ажиллуулсан.  Энэ баг Монголын шинжлэх ухааны түүхийг, бүтэн зууны түүхийг  марк хэмээх урлагийн өвөрмөц бүтээлд шингээж багтаах боломж,  арга зам,  яаж илэрхийлэх талаар мэргэжлийн үүднээс зөвлөгөө өгч ажилласан. “Монгол шуудан” компанийн марк бүтээдэг мэргэжлийн багийнхан маш хариуцлагатай, туршлагатай чадварлаг хамт олон гэдгээ харуулж ШУА-ийн удирдлагуудад удаа дараа маркийн төслийг танилцуулж бидний санаа оноог хүлээн авч, харилцан ойлголцож  энэ бүтээл гарлаа. Үндэстний оюуны дэвшлийн зууны түүхийг ийм бүтээлд хурааж гаргана  гэдэг бол амаргүй хөдөлмөр гэдгийг бахархан тэмдэглэж хэлмээр байна. Мөн энэ марк Монголын түүхийн 5, 10 ботиудын агуулгыг зангидаж хураасан нэгэн сэдэвт томоохон бүтээл болжээ. Тиймээс энэ маркийг монголын шинжлэх ухааны түүхийг нэгэн хавтгай дээр буулгаж хураасан,  үнэтэй бүтээл болж үеийн үед дурсагдаж монголыг, монголын шинжлэх ухааныг даян дэлхийд сурталчлахад чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байнагэв.

ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал Ц.Цэрэндорж, “Энэ жил Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүсэн байгуулагдсаны 100 жил, ШУА байгуулагдсаны 60 жилийн ой тохиож байна. Өөрөөр хэлбэл,  Өрнийн болон Дорнын тооллоор нэгэн зуун, нэгэн жаран өнгөрсөн  бэлгэ дэмбэрэлтэй томоохон ой тохиож байна. Ойн хүрээнд Монголын түүхэнд маш олон томоохон үйл явдлууд болж, олон байгууллага салбарын 100 жилийн ойгоо тэмдэглэж байна. Энэхүү ойг тэмдэглэх, түүнийг баталгаажуулан үлдээх ажлын хүрээнд энэ жил нийт  21 ийм марк гарч буйн нэг нь манай шинжлэх ухааны тогтолцоо үүсч хөгжсөний 100 жилийн ойд зориулсан марк юм. Марк бүтээдэг товчоо нь  шинжлэх ухааны үндэслэлтэй бүтээдэг. Энэ дагуу ШУА-ийн удирдлагууд хүрээлэнгүүдийн бодлого үйл ажиллагааг тусгах,  аль болох утга төгөлдөр, шинжлэх ухааны үндэслэлтэй баримт нотолгоонд тулгруурлаж хийх гэж манайхаас  ажлын баг гарч ажилласан. Ямар зүйлийг тусгах вэ гэж  бүх хүрээлэнгээс санал авсан ч  марканд тэр олон зүйлийг тусгах боломжгүй байдаг юм билээ. Тиймээс  гол гол судалгааныхаа үр дүнгээс оруулах дээр санал нэгдэж энэ маркны загварыг хэлэлцэж гаргасан” гэлээ.



Холбоотой мэдээ