Хоёр мянган га талбайг нөхөн сэргээлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2021-12-23 14:27:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Уул уурхайн олборлолтын улмаас эвэрсэн газарт энэ онд улсын хэмжээнд 2123.3 га талбайг техникийн, 679.15 га талбайг биологийн аргаар нөхөн сэргээлээ.


Энэ талаар БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын ахлах шинжээч Б.Буяннэмэх мэдээлэхдээ, “2020-2024 онд уул уурхайн олборлолтын улмаас эвдэрсэн 8 мянган га талбайг нөхөн сэргээх зорилт тавьсан. Энэ онд хоёр мянга га талбайг нөхөн сэргээсэн. Ажлын үр дүнгээр Төв аймаг 500 гаруй га, Өмнөговь аймаг 300 гаруй га талбайг нөхөн сэргээж сайн ажилласан бол Сүхбаатар, Дорноговь, Увс аймаг эвдэрч гэмтсэн талбайг нөхөн сэргээх ажлыг хангалтгүй хийсэн байна. Мөн, Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гэхэд 250 га газрыг шалган, 50 гаруй багаж хэрэгслийг хураан авсан. Ерөө суман дахь Ялбаг гэх газарт уул уурхайн олборлолтын улмаас 8.5 тэрбум төгрөгийн хохирол учруулсныг тогтоосон. Нөхөн сэргээлтэд нь 800 гаруй сая төгрөг шаардлагатай байгааг дурдав.


Үүнээс гадна эзэн холбогдогч нь тодорхойгүй, тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мэдэгдэхгүй 400 гаруй газар байгаа аж. Тодруулбал, 43 тусгай зөвшөөрөлтэй холбоотой 431.97 га талбайн эзэн холбогдогчийг тогтоохоор Эрүүгийн цагдаагийн газарт ханджээ. Мөн 33 аж ахуйн нэгжийн 44 тусгай зөвшөөрлийг цуцлуулахаар хандсан байгааг Б.Буяннэмэх тэмдэглэсэн юм.

 

Холбоотой мэдээ