Жон Керри: Сирийн асуудлаар тодорхой алхмууд хэрэгжүүлэхээр тохиролцсон

ДЭЛХИЙН МЭДЭЭ
adiyakhuu@montsame.mn
2016-07-16 16:49:06

МОСКВА. /TASS/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри мэдэгдэхдээ, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтай түүний хийсэн олон цагийн хэлэлцээр маш өргөн хүрээтэй сэдвүүдийг хөндсөн бөгөөд Сирийн асуудлаас гадна өөр олон асуудлыг хэлэлцсэн гэдгийг дурдлаа.

“Хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд олон сэдэв багтсан. Бид Минскийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх, Украины хямралыг зохицуулах, Йемений байдал, Ойрхи Дорнодын асуудал гээд маш өргөн хүрээтэй сэдвүүдийг хөндөн ярилцлаа” хэмээн Жон Керри онцлов.

Түүний хэлснээр, хоёр тал Уулын Карабахын хямралын асуудлыг нэлээд нухацтай хэлэлцэж, сөргөлдөөнийг зохицуулахын тулд шаардлагатай бүхнийг хийнэ гэдгээ мэдэгдсэн байна. “Уулын Карабахад байдлыг хурцатгахгүйн тулд С.Лавров бид хоёр сөргөлдөгч талуудтай холбоо барьж, байдлыг энхийн замаар зохицуулахад тус дөхөм үзүүлэхийг хичээнэ” гэж Төрийн нарийн бичгийн дарга онцлон тэмдэглэлээ.

Керри-гийн ярьснаар, АНУ, ОХУ хоёр Сирийн хямралыг зохицуулахын тулд тодорхой алхмууд хийхээр тохиролцсон боловч эдгээр алхмуудыг бодит хэрэг болгох үүднээс олон нийтэд мэдээлэхгүй байхаар шийдсэн аж.

“Сирид байдлыг тогтворжуулах алхмуудын талаар бид олон нийтэд мэдээлэхгүй, учир нь, эдгээр арга хэмжээ үр дүнгээ өгөөсэй гэж хүсч байна, тэгээд ч тэдгээрийг сайтар боловсруулах хэрэгтэй байгаа” гэж Жон Керри тайлбарласан байна.

Б.Адъяахүү 

 

 

Холбоотой мэдээ