Элчин сайд Ц.Нарантунгалаг Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цэрэндоржийн Нарантунгалаг энэ сарын 13-нд Италийн Ерөнхийлөгч Сержо Маттареллад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
Италийн Ерөнхийлөгч Сержо Маттарелла Итгэмжлэх жуух бичиг барих ёслолын дараа Элчин сайд Ц.Нарантунгалагийг хүлээн авч уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Уулзалтын эхэнд Элчин сайд Ц.Нарантунгалаг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн мэндчилгээг уламжилж, Итали Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын чухал зорилтын нэг болохыг онцлов. Элчин сайд Ц.Нарантунгалаг хоёр орны улс төрийн харилцан ойлголцол бэхжиж, хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа өргөжиж байгааг хэлж, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, соёл урлаг, боловсрол зэрэг салбарын хамтын ажиллагааны нөөц боломжийг бүрэн ашиглаж, харилцааг эрчимжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.
Түүнчлэн Монгол Улс хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн эцсийн бүтээгдэхүүн экспортлогч орон болох зорилт тавьсныг мэдээлж, чингэхдээ малын арьс шир, ноос ноолуурыг Италийн дэвшилтэт техник, технологиор боловсруулж, экспортод гаргах, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхолтой буйгаа илэрхийлэв. Мөн энэ чиглэлд хамтын ажиллагааны эхлэл тавигдсаныг дурдаж, хоёр улс НҮБ болон олон улсын байгууллагын хүрээнд ойр дотно хамтран ажиллаж ирснийг онцлов.
Ерөнхийлөгч С.Маттарелла Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд хүндэтгэл илэрхийлж буйг уламжлахыг хүсээд Монгол, Италийн харилцааг өргөжүүлэх нь бидний хамтын эрхэм зорилго юм гэлээ. Түүнчлэн энэ оны зургаадугаар сард зохион байгуулсан Монгол, Италийн Засгийн газрын холимог комиссын ээлжит хуралдаанаар ярьсан асуудлуудыг ажил хэрэг болгоход Италийн Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны яам болон бусад төрийн байгууллагууд дэмжих болно гэв. Тэрээр хоёр улсын эдийн засаг, соёлын салбарт хамтын ажиллагааны боломж илүү байгааг онцлов.