Ш.Оюун: Гурилын үйлдвэрүүд бүтээгдэхүүнээ экспортлохыг бодлогоор дэмжих нь чухал
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүнсний тухай хуулийн хэрэгжилтийн буюу стратегийн хүнс болох улаан буудайн ургацын байдал, нөөц бүрдүүлэлт, борлуулалт, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл, хангалтын байдал, үрийн хангамжийг шалгаж, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын багийн гишүүд “Алтан тариа”, “Милл хаус” ХХК-ийн гурилын үйлдвэрийн ажилтай танилцав.
“Милл хаус” ХХК-ийн үйлдвэр хариуцсан захирал Ш.Оюун, "Гурилын үйлдвэрүүд урд жилийн улаан буудай болон гурилын агуулахын үлдэгдэл их байсан. Тэр хэмжээгээрээ тариаланчдаас улаан буудай авах нь багассан. Мөн энэ жил улаан буудайн гарц их ч чанарын хувьд сайнгүй байна. Гурилын үйлдвэрүүдийг бодлогоор дэмжиж, экспортод бүтээгдэхүүнээ гаргахад анхаарах нь чухал. Ингэж чадвал үйлдвэрүүд орлого нэмэгдэж чанартай улаан буудайг өндөр үнээр худалдан авдаг болно. Үүнийгээ дагаад тариаланчид тариа будааныхаа чанарт анхаарч ажилладаг болно” хэмээв.
УИХ-ын гишүүн, ажлын багийн ахлагч Ц.Туваан “Энэ жил бороо хур арвин байсан нь улаан буудайн чанарт сөргөөр нөлөөлсөн. Улаан буудайн цавуулаг бага, чийглэг ихтэй байгааг гурил үйлдвэрлэгчид ярьж байна. Энэ асуудлыг хэрхэн шийдэх, борлуулалтын урсгалыг хааш нь чиглүүлэх вэ гэдэг асуудал үүссэн. Илүүдэл улаан буудайг тэжээл болгон хадгалах, барьцалдуулагч хийх зэрэг хэд хэдэн гарцын талаар гурил үйлдвэрлэгчидтэй ярилцлаа. Эдгээр асуудлыг ажлын багийнхан Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанд танилцуулна” хэмээв.
Дараа нь ажлын баг "Түмэн шувуут" ХК-ийн “Агро фийд” тэжээлийн үйлдвэрийн ажилтай танилцав. Тус үйлдвэр нь өдөрт 100 тонн тэжээл үйлдвэрлэх хүчин чадалтай. Тахиа болон мал амьтдын тэжээл үйлдвэрлэдэг. Тэжээлийн үндсэн түүхий эд болох улаан буудай, арвай, хивэг, халгай, өвсний гурил, рапсын шахдас, ургамлын тос, хужир, шүү, давс зэргээ дотоодоосоо хангадаг аж. Мөн эрдэнэ шиш, шар буурцаг, үл орлогдох амин хүчлүүд, витамины бэлдмэлийг импортлон авч өсвөр шувуу, өндөглөгч тахианы 5 нэр төрлийн тэжээл, 6 нэр төрлийн малын тэжээл үйлдвэрлэж зах зээлд амжилттай нэвтрүүлсэн байна.
“Агро фийд” үйлдвэрийн дарга Б.Барс, “Бид малын тэжээлээр дамжуулан мал аж ахуй болон газар тариалангийн уялдаа холбоог сайжруулах үүднээс газар тариалан эрхлэгчдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжин тэжээлийн гол түүхий эд болох улаан буудайг худалдан авч хамтран ажиллаж байна” хэмээв.