Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтын журмыг шинэчилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-12-14 14:55:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын хуралдаанаар Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтын журмыг шинэчлэн батлах эрхийг УУХҮ-ийн сайдад олгосон байна.


Энэ талаар Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр УУХҮ-ийн сайд Г.Ёндон мэдээлэв.


УИХ-аас баталсан “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод “геологийн судалгааны ажлыг эрчимжүүлж, урт болон дунд хугацааны эдийн засгийн хөгжлийг хангаж, эрдэс баялгийн нөөцийг нэмнэ” хэмээн заасан. УУХҮ-ийн сайдын 2018 оны А/28 дугаар тушаалаар баталсан журам өнөөдрийг хүртэл үйлчилж байгаа. Уг журмаар дээрх бодлогод тусгасан дээрх зорилтыг хангах боломжгүй тул шинэчлэх шаардлагатай гэдгийг УУХҮ-ийн сайд Г.Ёндон онцолсон юм.


Тэрбээр, “2011 онд 2570 тусгай зөвшөөрлөөр 300 тэрбум гаруй төгрөгийн өртөгтэй хайгуулын ажил хийж байсан. Харин өнөөдөр 900 гаруй тусгай зөвшөөрөл болж буурсан. Энэ бол маш хангалтгүй. Сүүлийн гурван жилийн хугацаанд 220-230 тусгай зөвшөөрөл олгосон байна. Энэ нь геологи хайгуулын аж ахуйн нэгжүүд ажилгүй болох, татан буугдах зэрэг асуудал үүсгэж байгаа. Тиймээс геологийн судалгааны ажлыг эрчимжүүлэх зайлшгүй шаардлагатай. Байгалийн баялгийн өгөөж хайгуул, олборлолт, боловсруулалт, борлуулалт, хуваарилалт гэсэн үе шатыг дамжиж байж иргэнд хүрнэ. Хайгуул, олборлолтын ажил үргэлжилж байгаа. Харин боловсруулалт, борлуулалт, хуваарилалтын тухай гурван хуулийн төслийг боловсруулж, заримыг нь УИХ-д өргөн бариад байна. Засгийн газраас 2018 онд 8.4 сая га талбайд хайгуул хийхээр баталснаас өнөөдөр 4 сая га талбай үлдсэн. Хайгуулын талбайг хэрхэн сонгож байгаа нь ойлгомжгүй байгаа. Тиймээс үүнийг тодорхой болгоно. Тиймээс ирэх оны нэгдүгээр улиралд багтаан дээр үлдсэн талбайг эзэнтэй болгох, тусгай зөвшөөрөл олгох ажлыг нээлттэй, ил тод болгох юм” гэв. 

Холбоотой мэдээ