22 багийн 600 гаруй тамирчин спортын дөрвөн төрлөөр өрсөлдөнө

ФОТО МЭДЭЭ
munkhzul@montsame.mn
2021-12-11 12:51:44

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн “Иргэдийн наадам-2021” тэмцээн аймгийн Биеийн тамир спортын газарт эхэллээ. Тэмцээнд сум, байгууллагын 22 багийн 600 гаруй тамирчин сагсан бөмбөг, гар бөмбөг, олс таталт, гимнастик гэсэн дөрвөн төрлөөр оролцож байна.

Спортын наадмын нээлтэд аймгийн Засаг даргын орлогч Б.Батсуурь, Г.Энхбаяр болон Засаг даргын Тамгын газрын дарга Д.Энхжаргал, Биеийн тамир спортын газрын дарга Б.Оюунбаатар нарын зэрэг албаныхан, баг тамирчид, иргэд оролцлоо. Мөн үеэр Б.Батсуурь нийт баг, тамирчдад баяр хүргэж, "Аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд цаашид ч нийт иргэдийнхээ эрүүл амьдрах боломжийг бүрдүүлэхэд чиглэсэн спортын олон тэмцээн, уралдаан, бусад үйл ажиллагааг дэмжин ажиллана" гэдгээ илэрхийлж байв.

Баянхонгор аймгийн Иргэдийн наадам сагсан бөмбөгийн тэмцээнээр эхэлж, волейбол, олс таталт, гимнастикаар үргэлжилнэ.

Монгол Улсын ЗГХЭГ, Биеийн тамир спортын Улсын хорооноос Монгол Улсын 21 аймагт “Иргэдийн наадам 2021” үйл ажиллагааг зохион байгуулж буй нь аймаг, сум, багийн иргэдийг биеийн тамирын дасгал хөдөлгөөнөөр хичээллүүлэх, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, биеийн дархлааг дэмжих, эрүүл амьдрах боломжийг бүрдүүлэхэд идэвх, оролцоог дээшлүүлэх зорилготой аж.