Хүүхдүүд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нөлөөллийн ажил хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-12-09 08:10:34

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн хүүхдүүд уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдлэг ойлголтоо нэмэгдүүлж үе тэнгийнхэндээ үлгэрлэж байна.

“Уур амьсгалын өөрчлөлт ба хүүхдийн эрх 10" хүүхэд хөгжлийн хөтөлбөрт үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж байна. НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгээр "Хүүхдэд ээлтэй орон нутаг" хөтөлбөрийн хүрээнд дээрх хөтөлбөр аймгийн хэмжээнд хэрэгжиж буй. Хөтөлбөрт Улиастай сумын ерөнхий боловсролын 8 сургууль болон тусгай мэргэжлийн сургуулийн төлөөлөл 80 гаруй хүүхэд оролцлоо.

Завхан аймаг хүүхдийн хөгжлийн “Эх орон-36” хөтөлбөрийг таван жил амжилттай хэрэгжүүлж Үндэсний хэмжээнд сайн туршлага болсон. Тэгвэл сайн туршлага болсон энэ хөтөлбөрийн арга зүйг “Уур амьсгалын өөрчлөлт ба Хүүхдийн эрх 10” гэсэн хөтөлбөртөө шингээж, сургалтын арга зүйтэй нь нэгтгэн хүүхэд хөгжлийн хөтөлбөрийг боловсруулсан юм. Уур амьсгалын өөрчлөлийн хөтөлбөрт үйл ажиллагаа нь өртөөчилсөн сонирхолтой хэлбэрээр хүүхдүүдэд мэдлэг олгох. Хүүхдээс хүүхдэд зарчмаар мэдлэгээ хуваалцаж эерэг дадал, зуршил суулгах зорилготой. Уур амьсгалын хөтөлбөрт хамрагдсанаар хүүхэд, багачууд уур амьсгалын өөрчлөлт гэж чухам юуг хэлээд буйг өөрсдийн орчинтой уялдуулан ойлгож танин мэдсэнээр хүүхдийн эрхийн зөрчил яагаад гарч буй учир шалтгаан, харилцаа холбоог олох. Ингэж танин мэдсэнээ үе тэнгийнхэн болон гэр бүл, эргэн тойрны хүмүүст мэдээлэл өгөх. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг уриалгыг биеэрээ үлгэрлэж, үе тэнгийнхэндээ зөв үлгэр дуурайл үзүүлэх. Цаашид шийдвэр гаргах түвшинд нөлөөлөх арга хэмжээг хэрэгжүүлэх мэдлэг, чадварыг эзэмшээд байна гэж аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын газраас мэдээлэв.


Шинжлэх ухаанч мэдээлэл үр дүнгээ өгчээ

“Уур амьсгалын өөрчлөлт ба хүүхдийн эрх 10" хүүхэд хөгжлийн хөтөлбөрийг мэргэжлийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж буй нь үр дүнгээ өгч байна.

Хөтөлбөрийг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Ус, цаг уур, орчны шинжилгээний алба, "Завхан Ногоон гарц" нэгдэл, "Уур амьсгалын өөрчлөлт ба Хүүхдийн эрх" сургалтын сургагч багш, үе тэнгийн сургагч нар хамтран зохион байгуулсан юм. Учир нь мэргэжлийн байгууллагуудаас хүүхдүүд хүссэн мэдээллээ шинжлэх ухаанч, бодит тооцоолол бүхий мэдээллийг авч байна. Одоо хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүд сургууль бүр дээрх эко клубүүдэд ажиллаж, хөтөлбөрийн хүрээнд гаргасан гарын авлага болон зөв дадалд сонирхолтой хэлбэрээр суралцах, сурталчлах үйл ажиллагааг явуулж байна. Өмнө нь хүүхдүүд байгаль орчноо хайрлахыг хогоо хаяхгүй байх, мод тарих гэж л ойлгодог байсан бол. Энэ хөтөлбөрт хамрагдаж, мэргэжлийн байгууллагуудын мэдээллийг сонссоноор өрхийн хэрэглээний хогоо хэрхэн ангилж хаях. Өөрсдийн хэрэгцээнд тулгуурласан худалдан авалтыг хийх. Өдөр бүрийн дадал зуршлаа уур амьсгалын өөрчлөлтөд бага нөлөөлөхүйцээр хэвшүүлж бусдад үлгэрлэх гэхчлэн олон талын мэдлэгийг авч байна гэж аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын газраас мэдээлэв. 


Холбоотой мэдээ