Их-Уул сум ойн сангаа тогтвортой хамгаалах ажлуудыг хийж байна

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2021-12-08 14:37:22

Завхан/МОНЦАМЭ/. Их-Уул сум энэ жил 3588 га талбайд ойн  хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг хийжээ.

Тухайлбал, Зарт багийн Халуун ус, Байшинт, Хужирт булаг, Салаа, Урт жалга,  Гүнжийн хясаа, Буурал мод, Элстий, Мухар Шивэртий гэх газруудын ойн сан бүхий газар ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг хийгээд байна. Нийт 3588 га талбайд  Якобосны төөлүүрч эрвээхэйн тархалттай учир ойг хамгаалах нөхөн сэргээх ажлыг “Нью грийн форест” ХХК болон нутгийн иргэдтэй хамтран хийсэн байна.

Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газрын ойн сан нь Завхан аймгийн Тосонцэнгэл, Их-Уул, Архангай аймгийн Цахир сумын нутгийг хамарсан 108667 га талбай юм. Үүний 3173700 шоо метр нь Их-Уул сумын нутагт байдаг. Манай сумын ойн санд шинэс, хуш мод зонхилсон, насны хувьд дунд насны, болц гүйцэж яваа, болц гүйцсэн гэсэн насжилттай байна гэж Их-Уул сумын ЗДТГ-аас мэдээлэв.  



Ойг тогтвортой хамгаалах төлөвлөгөөтэй ажиллаж байна

Их-Уул сум нь ойн тогтвортой менежментийн 2020-2027 оны төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байна.

Манай сумын нийт газар нутгийнх нь 30 хувийг ойн сан эзэлдэг. Тиймээс энэ онд хэрэгжүүлэх ажлын нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулж, БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболдоос Завхан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд энэ төлөвлөгөөний хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлэн ажиллах талаар чиглэл өгсний дагуу ажилласан. Тухайлбал, төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу сумын ойн сан бүхий газар модны үр түүх байнгын болон түр талбай байгуулах. Ойн нөхөрлөл дундын мод үржүүлгийн газар байгуулах. Ойн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, ойн хөнөөлт шавж, өвчинтэй тэмцэх. Байгалийн сэргэн ургалтад туслах, ойжуулах, ойжуулалт хийсэн талбайг хашиж хамгаалан мал бэлчээрлэлтээс тусгаарлах, ойн цэвэрлэгээ зэрэг ажлыг хийгээд байна. Мөн ойн дагалт баялгийг ашиглах, дахин боловсруулах талаар иргэд, нөхөрлөлийн гишүүдэд төслийн дэмжлэгээр үе шаттай сургалтууд хийсэн. Мөн байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах зорилгоор Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь төсөлтэй хамтран ажиллаж, орон нутгийн ТББ, мэргэжилтнүүдийг чадавхжуулах хэд хэдэн үйл ажиллагааг явуулаад байна.

Тухайлбал, сумын байгаль хамгаалагчид, байгаль орчны улсын байцаагчид, ойн нөхөрлөлийн ахлагч нар хамтран гурван удаагийн эргүүл хяналтыг хийж, ойн дагалт баялгийн хураамжийг хураах ажлыг хийсэн байна. Орон нутгийн санд төвлөрүүлсэн байна. Ойн дагалт баялаг ашигласны хураамжийг орон нутгийн санд төвлөрүүлсэн. Хуулийн дагуу энэ хураамжийн орлогын 85-аас дээш хувийг ой хамгааллын үйл ажиллагаанд зарцуулах ёстой байдаг гэж Их-Уул сумын ЗДТГ-аас нэмж мэдээллээ.

 

Холбоотой мэдээ