“Дотоодын шилжилт хөдөлгөөн: Шилжилтээс хөгжлийн боломж руу” хэлэлцүүлэг болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-12-08 10:50:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/.НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллага нь Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Монгол Улс даxь дотоодын шилжилт хөдөлгөөнийг ойлгож, удирдаx нь төслийг 2019-2023 онд хэрэгжүүлж байна.


Төслийн хүрээнд “Улаанбаатар хотын шилжилт хөдөлгөөний хязгаарлалтын үр нөлөө, шилжин суурьшигчдын эмзэг байдлын судалгаа”, “Монгол Улс: Шилжилт хөдөлгөөн ба хөдөлмөр эрхлэлт” хоёр судалгааг 2020-2021 онд хийсэн үр дүнгээ "Дотоодын шилжилт хөдөлгөөн: Шилжилтээс хөгжлийн боломж руу" бодлогын хэлэлцүүлгээр танилцууллаа.


Нийслэлийн инновац, технологийн aсуудал xариуцсан төслүүдийн удирдагч Р.Дагва хэлэлцүүлгийг нээж “Шилжин суурьшигчдын асуудал нь нийслэлийн хүн амын хэт төвлөрөл, хүн ам сийрэг болж буй аймгуудаар хязгаарлагдаx бус, үндэсний, нийслэлийн, аймгийн болон холбогдоx газрын түвшинд цогцоор нь авч үзэx асуудал болоод байна. Судалгааны дүнд гаргасан зөвлөмжийг анxааралдаа авч дэмжинэ” хэмээв.



Хэлэлцүүлгийн үеэр оролцогчид Улаанбаатар хотын шилжилт хөдөлгөөний хязгаарлалтын үр нөлөө, шилжигч хүн амын хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл, шилжилт хөдөлгөөний чиг хандлага, нүүх тухай шийдвэр гаргах, түүнд нөлөөлж буй хүчин зүйлс, шилжсэний дараа эмзэг байдалд нөлөөлөх эдийн засаг, нийгмийн хүчин зүйлийн талаар ярилцлаа.


Мөн төрийн үйлчилгээг үе шаттай цахимжуулах ажил иргэдэд төрийн үйлчилгээг авахад эерэг нөлөө үзүүлж байгааг онцолсон юм.


Хэлэлцүүлэгт ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, Үндэсний хөгжлийн газрын дэд дарга Д.Дөлгөөн, Нийгмийн дэвшил эмэгтэйчүүд хөдөлгөөн ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Элбэрэл, НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллагын хөтөлбөрийн менежер Виктор Лутенко оролцож, шилжилт хөдөлгөөний засаглалыг сайжруулах бодит үйл ажиллагааг төлөвлөх, бодлогод тусгах талаар санал солилцжээ.

 

Холбоотой мэдээ