АСЕМ-ын сангийн сайд нарын уулзалтыг ирэх онд БНСУ-д хийхийг санал болгов

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2016-07-15 13:16:38

УЛААНБААТАР. /Yonhap/. Ази болон Европын сангийн сайд нарын удаан хугацаанд тасалдсан уулзалтыг ирэх онд улсдаа зохион байгуулах саналыг Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэ дэвшүүлж, нээлттэй бөгөөд чөлөөт худалдааг хөхиүлэн дэмжихийн тулд хүчээ нэгтгэхийг хоёр тивийн удирдагчдад уриаллаа.

Терроризм, хэт давруу үзэл, уур амьсгалын өөрчлөлт болон Умард Солонгосын цөмийн аюул заналхийлэл зэрэг бүс нутагт болон олон улсад тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд гол үүрэг гүйцэтгэх тус хоёр тивийн зөвлөлдөх эвсэл байгуулах хэрэгтэй байгааг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо өнөө өглөө эхэлсэн Ази-Европын уулзалт буюу АСЕМ-ын 11 дэх удаагийн Дээд түвшний уулзалтын үеэр Ерөнхийлөгч Пак мөн онцлон тэмдэглэжээ.

Пак хэлэхдээ “АСЕМ-ын энэ удаагийн Дээд түвшний уулзалт нь бүс нутагт чөлөөт худалдааг хөхиүлэн дэмжиж, эдийн засгийн өсөлт жигд сайжирч, бүтээлч санаачилгыг бий болгоход түлхэц үзүүлнэ гэж найдаж байна” гэв.

Тэрбээр цааш нь хэлэхдээ “илүү үр бүтээлтэй төлөвлөгөөнүүдийг хэрэгжүүлэхийн тулд АСЕМ-ын сангийн сайд нарын уулзалтыг ирэх онд Өмнөд Солонгост зохион байгуулахыг би санал болгож байна” гэлээ.

АСЕМ-ын гишүүн улсуудын сангийн сайд нарын уулзалтыг сүүлд 2003 онд Хятад улсад зохион байгуулж байжээ. АСЕМ-ын сангийн сайд нарын уулзалтыг 2003 оны уулзалтын дараа дахин зохион байгуулахаар тохиролцсон боловч Мьянмарын хүний эрхийн асуудалтай холбоотойгоор АСЕМ-ын гишүүд санал зөрөлдөөнтэй байсны улмаас энэ уузалтыг дахиж зохион байгуулаагүй ажээ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ