Төв аймгийн Дартсын аваргууд шалгарлаа

Орон нутагт | Төв
tuv@montsame.mn
2021-12-07 09:45:01

Төв /МОНЦАМЭ/ Төв аймгийн Дартсын аварга шалгаруулах тэмцээнийг 12 дугаар сарын 4,5-ны өдрүүдэд Төв аймгийн Биеийн тамир спортын хороо, “Зэв” дартсын клуб хамтран зохион байгууллаа. Тус тэмцээнд эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, эрэгтэй хос, холимог хос гэсэн 4 төрлөөр нийт 50 тамирчин өрсөлдсөн юм.


Эрэгтэй ганцаарчилсан төрөлд Н.Ууганбаатар тэргүүлж, Б.Санждорж, Б.Мөнхбаяр нар удаах байр эзэлсэн бол, эмэгтэй ганцаарчилсан төрөлд Г.Зулжаргал тэргүүлж, М. Түвшинтогтох, Д.Оюундаш нар шагналт байрт орлоо. Эрэгтэй хосын төрөлд З.Хүүлээхан, А.Энхтамир нар тэргүүлж, Ж.Энхбаатар, Ц.Ууганбаатар, Б.Зудуй, Ц.Өлзийсайхан удаах байр эзэлсэн бол, холимог хосын төрөлд Б.Мөнхбаяр, М.Түвшинтогтох нар тэргүүлж, Ц.Содбаяр, Ц.Оюунбаяр, Б.Цэдэвдорж, Т.Пүрэвдулам нар шагналт байр эзэллээ.


Тэмцээний гол зорилго нь Монгол Улсад сонгодог спортын төрөл болох дартсын спортыг түгээн дэлгэрүүлэх, дартс сонирхогчдыг нэмэгдүүлэх, мэргэжлийн тамирчдыг бэлтгэн гаргах, тэмцээн уралдаанд оролцуулж, ур чадварыг нь сайжруулах, ард иргэдийн дунд энэхүү спортын ач холбогдлыг ойлгуулж, иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, орон нугаас шинэ залуу тамирчдыг төрүүлэн гаргах, дартсын клубийн үйл ажиллагааг идэвхжүүлэх юм.

Тус тэмцээний хаалтын үеэр “Зэв” дартсын клубийн хамт олны зүгээс тус тэмцээнийг ивээн тэтгэсэн Төв телевиз, “Нар Сар Энэрэл” ХХК, Номт-1-р баг, Зуунмод сумын Соёлын төв, “Ааваа урагшаа” ХХК-д талархал илэрхийлж, Төв нутгийнхныг нэгтгэж буй энэ спортыг дэмжин цаашид ч хамтран ажиллах, мөн оролцож буй иргэдийг бэлтгэлийн байранд чөлөөтэй ирж спортоор тасралтгүй хичээллэж байхыг уриаллаа. 



Холбоотой мэдээ