Хүүхдийн эрхийн зөрчлийн 100 гаруй гомдолд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-12-06 14:02:29

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт 2021 онд хүүхэд хамгаалал, гэр бүлийн хүчирхийллийг бууруулах чиглэлээр хийсэн зарим ажлыг тодрууллаа.

Хүүхдийн эрхийг хамгаалах аливаа хүчирхийлэлд өртөхөөс сэргийлэх, хариу үйлчилгээ үзүүлэх хамтарсан баг хуулиар хүлээсэн  чиг үүргээ гүйцэтгэж, хүүхдийн эрхийн зөрчлийн 146 гомдол мэдээлэлд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлж, нийт гомдол мэдээллийн 85 хувийг одоогоор шийдвэрлэн ажиллаж байна.        

Аймгийн хэмжээнд коронавирусний халдвараар 19 мянга гаруй иргэн өвчилснөөс 18 хүртэлх насны 4343 хүүхэд байна. Энэ нь халдвараар өвчилсөн иргэдийн 22 хувийг хүүхэд эзэлж байгаа үзүүлэлт тул дэмжлэг туслалцаа шаардлагатай, эрсдэлт бүлгийн 411 өрхөд хүнсний, 1350 хүүхдэд хөгжлийн болон дархлаажуулалтын багц бүтээгдэхүүн өгч үйлчиллээ.    

Гэр бүлийн үнэт зүйлсийг бэхжүүлж, гишүүдийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, хүчирхийллийг бууруулах зорилгоор сургалт, нөлөөллийн үйл ажиллагаа хэрэгжүүлэх, хүчирхийллийн хохирогчдод үзүүлэх нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээний үр дүнг нэмэгдүүлж, хүчирхийлэлд өртсөн иргэдийг хамгаалах чиглэлд 12 хүний орон тоотой “Түр хамгаалах байр”-ыг ашиглалтад оруулсан. Улмаар 2021 онд  53 хүүхэд, 16  насанд хүрэгчийг хүлээн авч, аюулгүй байдлыг хангаж, хамгааллын хариу үйлчилгээ үзүүлээд байна.  

“Гэр бүлд зөвлөгөө өгөх төв”-ийг ажиллуулж, 216 насанд хүрэгч, 121 хүүхдэд сэтгэл зүйн зөвлөгөө хүргэснээр хамрагдагсдын сэтгэл зүйн байдал нь тогтворжин, учирч болох эрсдэлээс өөрийгөө хамгаалах, сэтгэл зүйгээ удирдах чадвартай болсон гэж мэргэжлийн байгууллагууд дүгнэжээ

Түүнчлэн гэр бүлийн хүчирхийллийн хуулийн хэрэгжилтийг сайжруулахаар “Хүүхэд хамгаалалд-хамтдаа” зөвлөлдөх уулзалт, “Хүүхдэд ээлтэй Ховд” аян, “Шийдэл”, “Нийгмийн ажлын хөгжил-орон нутагт” хэлэлцүүлэг, “Хүүхдэд ээлтэй хүчирхийлэлгүй сум” хамтарсан багийн сургалт, цуврал богино хэмжээний нэвтрүүлэг зэрэг 15 удаагийн үйл ажиллагааг энэ онд мэргэжлийн байгууллагууд зохион байгуулж, 90  байгууллага, 17 сумын 29 хамтарсан багийн 1250 гаруй хүн оролцжээ.   

Ташрамд, залуучуудыг хөгжүүлэх таатай орчин бүрдүүлэх зорилгоор залуу гэр бүлийн хөгжлийг дэмжих, соён гэгээрүүлэх, чадавхжуулах “Залуучуудын хөгжил” дэд хөтөлбөрийг батлуулж, хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. 

Мэдлэг чадвартай, хариуцлагатай залуучуудыг төлөвшүүлэх зорилгоор “Залуучуудын хөгжил”-ийн төвийг ажиллуулж, 2021 онд тус төвөөс 18 төрлийн үйл ажиллагаа зохион байгуулсан ба 2528 өсвөр үе,  залуучуудыг оролцуулсан аж.  

Холбоотой мэдээ