Иргэдийн наадамд 15 сумын 600 гаруй тамирчин оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-12-06 11:06:57
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. 12 дугаар сарын 3-5-ны өдрүүдэд Дундговь аймгийн Мандалговь хотноо “Иргэдийн наадам” зохион байгуулж, 15 сумын 80 гаруй багийн 600 гаруй тамирчин оролцож, сагсан бөмбөг, гар бөмбөг, олс таталт гэсэн спортын гурван төрлөөр өрсөлдлөө.

Энэхүү наадмыг Соёлын яам, Биеийн тамир, спортын улсын хороо, аймгийн ЗДТГ, БТСГ хамтран  Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүрээнд  аймаг, сум, багийн иргэдийн дунд зохион байгуулжээ.

Спортын наадмын нээлтийн ажиллагааны үеэр аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат нийт баг, тамирчдад баяр хүргэж, цаашдаа спортын олон тэмцээн, уралдаан, бусад үйл ажиллагааг дэмжин ажиллана гэдгээ илэрхийлсэн юм. Мөн Мандалговь хотноо барьж, байгуулж байгаа усан бассейн бүхий спортын цогцолбор ирэх онд ашиглалтад орно гэдгийг онцолсон байна.  

“Иргэдийн наадам”-ын нэгдсэн дүн оноогоор Сайнцагаан сумын 7,3,4-р багийн хамт олон тэргүүлж, Шилжин явах цомын эзэд болсон байна.

Тэмцээний үеэр аймгийн Цагдаагийн газраас “Иргэдийн наадам”-д оролцож буй тамирчдыг дэмжиж, гар бөмбөгийн тэмцээний “Тэгш тоглогч”-оор  Говь-Угтаал сумын тамирчин У.Саруултамирыг шалгаруулж, шагнажээ. 

Холбоотой мэдээ