Өвөрхангай аймгаас 33 гавьяат багш төржээ

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2021-12-02 16:38:53

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас Орчин цагийн боловсролын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярын хурлаа өнөөдөр зохион байгууллаа.

Баярын хуралд аймгийн Засаг дарга А.Ишдорж болон гавьяат багш нар урилгаар оролцож, баяр хүргэн үг хэллээ. Мөн эрдэм мэдлэгийг түгээх эрхэм үүргээ нэр төртэй, хариуцлагатайгаар хашиж яваа багш, сурган хүмүүжүүлэгчдэд салбарын болон аймаг, орон нутгийн шагналыг гардуулав.

Өвөрхангай аймгийн боловсролын салбар үйл ажиллагаа, үр дүнгийн үнэлгээгээрээ жил тутамд улсын дунджаас дээгүүр үнэлэгдэж, сүүлийн арван жилд улсад 4 удаа тэргүүн байр, 4 удаа дэд байр, 2 удаа гутгаар байр эзэлж байсан бахархам амжилтаар түүхт ойгоо үдэж байна.

1941 онд “Монгол Улсын Гавьяат багш” хэмээх эрхэм цолыг бий болгосноос хойш манай аймагт анх 1949 онд Ц.Рааш-Онолт багшийг “гавьяат” цолоор шагнаж, түүнээс хойш нийтдээ 33 багш энэхүү алдар хүндэтгэлийн эзэд болжээ. 2021-2022 оны хичээлийн жилд Өвөрхангай аймгийн хэмжээнд 31 сургуульд 23271 сурагч, 48 цэцэрлэгт 8716 хүүхэд суралцаж байна. Тус аймаг 2900 гаруй багш ажилтантай. Цэцэрлэгт хамрагдалт 85.7, ЕБС-д хамрагдалт 92.8 хувьтай байна.

Холбоотой мэдээ