Сансрын аюулгүй байдал, орон зайн геополитик сэдэвт илтгэл хэлэлцүүлэг боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-12-01 14:13:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МУИС-ийн ОУХНУС байгуулагдсаны 30 жилийн ойн хүрээнд Монголын олон улс судлалын "Алтан аргамж" холбоо, Монголын сансрын технологийн холбоо, Венад төвтэй олон улсын сар судлалын “Moon Village Association” байгууллага, МУИС-ОУХНУС хамтран “X-tactic: Сансрын аюулгүй байдал, орон зайн геополитик” сэдэвт илтгэл хэлэлцүүлэг МУИС-ийн номын санд өчигдөр боллоо.


Хэлэлцүүлгээр дэлхий дахинд хурдтай өрнөж буй сансрын эриний хөгжил, технологийн үсрэнгүй дэвшил нь олон улсын аюулгүй байдал ба геополитикийн орчинд хэрхэн нөлөөлж буй тухай, Монгол Улсын аюулгүй байдлын гадаад ба дотоод орчинд ямар боломж, эрсдэл авчрах тухай судлаач, шинжээч, оролцогч талуудын хүрээнд мэдээлэл солилцож хэлэлцүүлэг, мэтгэлцээн өрнүүлэв.


Илтгэлүүдэд: XXI-р зууны сансрын эрин нь эдийн засгийн өсөлтийн шинэ боломжууд авчрах тухай, Сансрын технологи, инженерчлэлийн боловсролын хөтөлбөрийн тухай, Монгол Улсын нийгэм эдийн засгийн амьдралд сансрын салбарын үзүүлэх нөлөөллийн тухай дурдаж оролцогчид идэвхтэй оролцов. Сансрын технологийн хөгжлийг дагаж ирэх шинэ боломжууд нь Монгол Улсын хөгжлийн хоцрогдлыг арилгахад том дэмжлэг, хэрэглүүр болох тухайд оролцогчид санал нэгтэй байлаа.




Илтгэл хэлэлцүүлгийн аюулгүй байдал, геополитиктой холбогдох хэсэг нь 1967 оны Олон улсын Сансрын гэрээний холбогдох заалтууд орчин үеийн сансрын эрх зүйн харилцааны шаардлагад нийцэж буй эсэх тухай хөндсөн бөгөөд дараах тодорхой халуун сэдвүүдээр оролцогчдын дунд хэлэлцүүлэг өрнөлөө.


Илтгэл хэлэлцүүлгийн төгсгөлд сансрын орчны аюулгүй байдлын асуудлуудаар Монголын судлаач, судалгааны байгууллагууд, хөгжлийн түнш улс орнуудтайгаа хамтран мэдээлэл солилцох, зөвлөлдөх уулзалт тогтмол зохиож байх тухай санал гарсныг оролцогчид санал нэгтэй дэмжлээ.


X-tactic илтгэл хэлэлцүүлэгт Монгол Улсад суугаа Япон улсын ЭСЯ, БНСУ-ын ЭСЯ, БНЭУ-ын ЭСЯ-ны албаны хүмүүс оролцов.


Илтгэгчээр Монголын Сансрын технологийн холбооны ерөнхийлөгч, МУИС-ийн багш, доктор, дэд профессор Д.Эрдэнэбаатар, Монголын Сансрын технологийн холбооны ахлах инженер, МУИС-ын багш доктор, дэд профессор Т.Төртогтох, MVA-Moon Village Association байгууллагын Монголыг хариуцсан үндэсний зохицуулагч, аюулгүй байдал судлаач Ц.Мөнхбаяр нар оролцож МУИС-ОУХНУС-ийн захирал доктор, профессор Г.Баттулга модератороор ажиллаж хэлэлцүүлгийг хөтлөн явуулав.






Холбоотой мэдээ