ОХУ, АСЕАН-ы тэнгисийн цэргийн анхны сургууль эхэллээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2021-12-01 12:51:45

БАНГКОК. /TASS/. ОХУ, Зүүн Өмнөд Азийн улсуудын холбооны (АСЕАН) түүхэн дэх анхны тэнгисийн цэргийн сургууль Индонез улсад эхэллээ. 


Нээлтийн ёслолд ОХУ-аас АСЕАН-д суугаа байнгын төлөөлөгч Александр Иванов, Индонезод суугаа ОХУ-ын Элчин сайд Людмила Воробьова нар оролцжээ. "Энэхүү сургуулилалт нь бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийн тухай юм. Бид стратегийн түншлэлдээ шинэ хуудас нээж байна" гэж А.Иванов онцлон тэмдэглэсэн байна. 


Харин Индонезын Тэнгисийн цэргийн 1-р флотын командлагч, контр-адмирал Абдул Расиид мэдэгдэхдээ, эдгээр сургуулилалт нь "ОХУ, АСЕАН-ы цэргүүдийн хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг сайжруулж, тэдний хоорондын найрамдлыг бэхжүүлэх болно" гэв.


ОХУ-АСЕАН-ы тэнгисийн цэргийн сургууль Индонезын Хойд Суматра мужын орчимд 12 дугаар сарын 3-ныг хүртэл үргэлжилнэ. Оросын талаас шумбагч онгоц эсэргүүцэгч “Адмирал Пантелеев” том хөлөг онгоц оролцож байна. Сургуулилалтыг виртуал ба далайн гэсэн хоёр үе шаттайгаар зохион байгуулна.


Энэ жил ОХУ, АСЕАН-ы хооронд харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байгаа бөгөөд хоёр талын 4-р дээд хэмжээний уулзалтыг 10 дугаар сарын 28-нд цахим хэлбэрээр зохион байгуулжээ. Дээд хэмжээний уулзалтын төгсгөлд стратегийн түншлэлийн харилцааг цаашид хөгжүүлэхэд чиглэсэн хэд хэдэн баримт бичгийг баталсан байна. Удирдагчид мөн ОХУ, АСЕАН-ы тэнгисийн цэргийн сургуулийг анх удаа зохион байгуулах шийдвэрийг баталжээ.


 


Холбоотой мэдээ