Хятадын муж, хотууд "Хүн ам, гэр бүл төлөвлөлтийн журам"-ыг шинэчлэн өөрчилж байна

Хилийн чанадаас
ankhbayar.abr@yahoo.com
2021-12-01 14:26:59

Бээжин /МОНЦАМЭ/. Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их хурлын /БХАТИХ/ Байнгын хорооноос энэ оны 8-р сард  “Хүн ам, гэр бүл төлөвлөлтийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай санал хураалт явуулж, “гурван хүүхэд” бодлогыг  “Хүн ам, гэр бүл төлөвлөлтийн тухай хууль”-д албан ёсоор оруулсан.

    Улмаар саяхнаас Хятадын олон муж, хот БХАТИХ-ын Байнгын хорооны хуралдаануудаа зохион байгуулж, орон нутгийнхаа “Хүн ам, гэр бүл төлөвлөлтийн дүрэм, журам”-ыг шинэчлэн өөрчилж байна.

    Одоогоор Хятадын 20 гаруй муж орон нутгийн хууль тогтоомжид өөрчлөлт оруулж, хүүхэд төрүүлэх журмыг шинэчлээд байгаа юм. Үүнд хүүхэд төрүүлэх үеийн болон дараах амралтын хугацааг сунгах, хүүхэд асрах тэтгэмж олгох зэрэг арга хэмжээ авч төрөлтийг дэмжиж байна. Тухайлбал, төрсний дараах 30 хоногийн амралтыг 60 хоног болгон сунгаж, Бээжин, Шанхай хотуудад 3-аас доош насны хүүхэдтэй эцэг эхчүүд жил бүр ажлын таван өдрийн хүүхэд асрах чөлөө авах боломжтой болжээ.  

    Тяньжин хотын Ардын Төлөөлөгчдийн их хурал 11-р сарын 29-ний өдөр хуралдаж хотын “Хүн ам, гэр бүл төлөвлөлтийн журам”-ыг шинэчлэн баталсан ба уг журмын дагуу эхчүүд төрсний дараах амралтаа 60 хоног хүртэл, эцэг нь 15 хоногийн амралт авах боломжтой болжээ.

Холбоотой мэдээ