МУИС-ийн Нийгмийн ухааны уншлагын танхим чөлөөт сонголттой болов

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2015-10-01 15:46:16

МУИС-ийн Нийгмийн ухааны уншлагын танхим нь чөлөөт сонголттой болж үйл ажиллагаагаа эхлүүллээ.

Энэхүү танхимыг нээх ёслолын ажиллагаа өнөөдөр МУИС-ийн Хичээлийн хоёрдугаар байранд болов.

МУИС-ийн номын сан улсдаа дээгүүр орох 450 мянга гаруй номын фондтой, 20-30 мянган байнгын үйлчлүүлэгчтэй том номын сан ажээ. Тиймээс номын сангийн үйлчилгээ өөрөө орчин үеийн шаардлагад нийцсэн, уншигчдын эрх ашиг, эрэлт хэрэгцээг бүрэн хангасан байх ёстой хэмээн үзэж тус сургуулийн захиргаанаас шинэчлэл хийж байгаа юм.

Нийт 240 оюутан зэрэг сууж унших боломжтой тус танхимыг Хаан банкны хөрөнгө оруулалтаар шинэчилжээ. Нийгмийн болон хүмүүнлэгийн чиглэлийн 300-аад мянган ном сурах бичгийн фондтой аж.

Чөлөөт сонголттой уншлагын танхимтай болсноор оюутнууд өөрөө өөртөө үйлчилж хүссэн номоо авах боломжтой. Мөн номын сангийн үйлчилгээ түргэн шуурхай болж, зарцуулдаг цаг хугацааг хэмнэнэ гэж оюутнууд хэлж байна.

МУИС-ийн Номын сангийн захирал, доктор, дэд профессор Г.Цэрэн, “Өнгөрсөн жил Байгалийн ухаан, Гадаад номын уншлагын танхим, Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн уншлагын танхимыг чөлөөт сонголттой болгосон. Энэ танхим дөрөв дэх нь болж байна. Аливаа их сургуулийн нүүр царай нь тухайн сургуулийн номын сан байдаг. Тиймээс номын санд анхаарал хандуулан ажиллаж байна. Шинэ номын сангийн барилга ирэх оны гуравдугаар улиралд ашиглалтад орох төлөвлөгөөтэй байна” хэмээн ярилаа.

Нээлтийн ажиллагаанд тус сургуулийн удирдлагууд, багш, оюутнууд болон Хаан банкны төлөөлөл оролцов.

Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд