Ирэх онд нэг их наяд 642.4 тэрбумын орлого төвлөрүүлэхээр төлөвлөж байна

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2021-11-30 08:05:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ирэх онд нийслэлийн төсөвт нэг их наяд 642.4 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөөд байна.


Энэ нь өнгөрсөн онд баталсан төлөвлөгөөнөөс 42.5 хувиар нэмэгдсэн дүн гэдгийг НИТХ-ын хуралдаанаар нийслэлийн 2022 оны төсвийн төслийг хэлэлцэх үеэр мэдээлж байв.


Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль, Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчлэлийн хүрээнд ирэх онд аж ахуйн нэгжийн орлогын албан татварын орлогын 40 хувь нь нийслэлийн төсөвт төвлөрнө. Мөн цалин хөлс, түүнтэй адилтгах ХХОАТ, үл хөдлөх хөрөнгийн албан татвар, газрын төлбөрийн орлого 100 хувь сум, дүүргийн төсөвт төвлөрөхөөр байгаа. Нийслэл дүүргийн төсвийн орлогын бүтцэд өөрчлөлт орж байгаа нь төсвийн орлого нэмэгдэх нөхцөл бүрдүүлжээ.


Төсвийн төсөлд тусгагдсанаар 2022 онд нийслэлийн төсвийн орлогын 86.8 хувь буюу 1 их наяд 426 тэрбум төгрөгийг татварын орлогоор, үлдэх 13.2 хувь буюу 216.4 тэрбум төгрөгийг татварын бус орлогоор бүрдүүлнэ. Төсвийн орлогын бүрдүүлэлтийг хот дүүргээр нь авч үзвэл, хотын шуудын төсөвт 467.7 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, нийслэлийн төсвийн орлогын 28.5 хувийг бүрдүүлэх юм. Харин дүүргүүдийн төсөвт 1 их наяд 174.7 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, нийслэлийн төсвийн орлогын 71.5 хувийг бүрдүүлэхээр урьдчилсан тооцоо гарчээ. 


Тэгвэл нийслэлийн төсвийн урсгал зардлын төсөлд дараах зардлуудыг тусгаад байна.

Үүнд: 

-2022 онд нийслэл, дүүргийн орон нутгийн төсвөөс санхүүжиж буй төсвийн байгууллагуудын төрийн албан хаагчийн цалин, хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн зардалд 112,9 тэрбум төгрөг 


-Нийслэл, дүүргийн нутгийн захиргааны болон харьяа төсөвт байгууллагуудын барилга, байгууламжийн байр ашиглалттай холбоотой тогтмол зардалд 61.2 тэрбум төгрөг 


-Холбогдох хуулийн дагуу 155.9 мянган ахмад настан, 47.8 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 107.4 мянган оюутан, 13.1 мянган мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сурагч, 5340 цагдаагийн алба хаагчийн нийтийн тээврийн хэрэгслээр үнэгүй зорчих нөхөн олговрын зардалд 36.7 тэрбум төгрөг 


-Нийтийн тээврийн үйлчилгээний машин цагийн зардлын зөрүү санхүүжилт, сургуулийн автобусны үйлчилгээний дэмжлэгт 130.4 тэрбум төгрөг 


-Нийслэл дүүргийн хот нийтийн аж ахуй, тохижилт үйлчилгээний зардалд 110.5 тэрбум төгрөг 


-Сайжруулсан түлшний түгээлт, тээвэрлэлт, борлуулалт, хяналт шалгалтын зардалд 33.5 тэрбум төгрөг 


-Хууль эрх зүйн өөрчлөлтийн хүрээнд төрийн өмчийн 152 сургууль, 266 цэцэрлэг, 9 дүүргийн спорт хороо, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний 4 байгууллагын байр ашиглалтын үйлчилгээний зардалд 47.9 тэрбум төгрөгийг 


-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны зардалд 13 тэрбум төгрөг 


-2.5 мянган иргэнд онцгой тохиолдлын болон амьжиргаа дэмжих тэтгэмжид 1.8 тэрбум, олон нитийн оролцоог түшиглэсэн халамжийн үйлчилгээнд 1.6 тэрбум төгрөг нийт Нийгмийн халамжийн сангийн зардалд 3.4 тэрбум төгрөг 


-Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, нийслэлийн хөгжлийн 2022 оны төлөвлөгөөг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд 13.4 тэрбум төгрөг 


-Түрээсийн орон сууцны хөтөлбөрийн хүрээнд Засгийн газрын 2019 оны тогтоолоор Улаанбаатар хотод шилжүүлсэн Буянт-Ухаа 2 хорооллын 972 айлын орон сууцны Монгол Улсын хөгжлийн банкны хүүгийн төлбөрт 1.1 тэрбум төгрөг 


-Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг багасгах, түгжрэлийг сааруулах, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэх хүрээнд нийтийн тээврийн парк шинэчлэхэд зориулж авсан орон нутгийн зээлийн 2021 оны хүүгийн төлбөрт 7 тэрбум 895.1 сая төгрөг 


-Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд 6.1 тэрбум төгрөгийг төсвийн төсөлд тусгажээ


Бичил бизнесийг дэмжих үйл ажиллагааг хэрэгжүүлэх зардалд 4.8 тэрбум төгрөгийг төлөвлөсөн нь нийслэлийн төсвөөс 2014-2016 онд олгосон зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлтийн хөрөнгөөс бүрдэх аж


Дээрх зардлуудыг төсвийн төсөлд тооцон тусгаснаар нийслэл, дүүргийн орон нутгийн төсөвт нийт 698.8 тэрбум төгрөгийн урсгал зардал зарцуулах бөгөөд 479.2 тэрбум төгрөг буюу 68.6 хувийг хотын шуудын урсгал зардал, 219.6 тэрбум төгрөг буюу 31.4 хувийг 9 дүүргийн урсгал зардал тус тус эзэлж байгааг НИТХ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв. 

Холбоотой мэдээ